-+=
ТАНИЛЦУУЛГА

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улс 1991 онд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай 1952 оны Конвенцийг хүлээн зөвшөөрснөөр уг байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй. Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл 1994 оноос Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) нэртэй болсон бөгөөд одоогоор 185 орны гаалийн байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын олон улсын нэр хүндтэй байгууллага болоод байна.

Монгол улс ДГБ-ын гишүүн орон болсноор уг байгууллагын тулгуур Конвенциуд болох Барааг кодлох, тодорхойлох тухай Конвенцид 1993 онд, Барааг түр хугацаагаар нэвтрүүлэх тухай Станбулын Конвенцод 2002 онд, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн Конвенцид 2006 онд тус тус нэгдэн орсон.

МУГЕГ нь ДГБ болон олон улсын бусад байгууллага тухайлбал НҮБ, ДХБ зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсний дээр Еврогааль, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбогдсон
өөрчлөлтийг гаалийн байгууллагад хийж, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн юм.

Мөн бусад орнуудын гаалийн байгууллагуудтай хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэдний туршлагаас судлах, боловсон хүчнийг давтан сургах, хамтран семинар, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, БНУУ, БНСУ, АНУ, БНПУ, Их
Британи, Казахстан, Болгар, Чех, Турк, Украин, Киргиз, БНЭУ, ББНУ, БНСВУ зэрэг улстай “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичиг байгуулаад байна.

Энэ хугацаанд Дэлхийн гаалийн байгууллагын ээлжит Чуулган, Бүс нутгийн гаалийн дарга нарын бага хурал, Бүс нутгийн холбоо баригч нарын уулзалт, гаалийн зөрчлийн талаар холбоо баригч нарын уулзалт, Азийн Хөгжлийн Банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны
хөтөлбөрийн уулзалтуудад идэвхитэй оролцож ирсэн юм.

ДГБ-аас гаргаж буй баримт бичиг, зөвлөмж, аргачлалын дагуу гаалийн арга ажиллагааг боловсронгуй болгох замаар гадаад худалдаанд оролцогчдод гаалийн таатай орчин бүрдүүлэх бололцоог хангах зорилгоор “ТИР карней ашиглан дамжин өнгөрөх горимоор барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай “НҮБ-ын конвенц, “Барааг хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх тухай”
Станбулын конвенцид Монгол Улс нэгдэн орохтой холбогдуулан конвенциудыг орчуулах, судалгаа хийх, санал боловсруулах ажлыг зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Мөн “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг
уялдуулах, хялбарчлах тухай” Киотогийн конвенцийн шинэчилсэн хувилбарыг бүх хавсралтын хамт Монгол хэлнээ орчуулж, гаальчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гаалийн холбогдолтой олон улсын 14 конвенцийг эмхэтгэн хэвлүүлсэн.

Гаалийн Ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, чиглэл нь дараах байдлаар тодорхойлогдоно.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг
Гаалийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг гаалийн бодлого, тэргүүлэх чиглэл, стратегитай уялдуулан хөгжүүлж, өргөжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ДГБ, олон улсын бусад байгууллага, гадаад орны гаалийн байгууллагуудтай гаалийн асуудлаар хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан үр ашигтай байх нөхцлийг хангахад чиглэсэн арга хэмжээ авах замаар гаалийн гадаад харилцааг хөгжүүлэх

Гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Дэлхийн Гаалийн Байгууллагаас боловсруулан гаргасан гэрээ, конвенц, стандарт, зөвлөмж, техник арга ажиллагаанд нийцүүлэн сайжруулах арга хэмжээ авах

Олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа дэвшилтэт арга барил, технологи, техник ажиллагааны талаар судалж санал, зөвлөмж боловсруулах, гаалийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, техник туслалцааны шугамаар гаалийн байгууллагад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх дэмжлэг туслалцаа, санхүүжилт хайх

Гаалийн асуудлаар Дэлхийн гаалийн байгууллага, түүний гишүүн орнууд болон олон улсын бусад байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газартай харилцах

Гаалийн асуудлаар нэгдэн орсон олон улсын гэрээ, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, олон улсын гэрээнд нэгдэн орох, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах санал боловсруулах, гэрээнд нэгдэх, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах

ГЕГ-ын төлөөлөгчдийн гадаад орнуудад хийх айлчлал, олон улсын хурал, семинар симпозиум, сургалтад оролцох асуудал, ГЕГ-ын урилгаар гадаад орнуудаас ирэх зочид төлөөлөгчдийг хүлээн авах ажлыг хариуцан зохион байгуулах

BUY NOW