Гааль, цагдаагийн байгууллагын мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлж, чадавхыг сайжруулах зорилгоор Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын зөрчилтэй тэмцэх чиглэлийн алба хаагчид 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.
Цагдаагийн байгууллагаас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн олон улс, дотоодын нөхцөл байдал, шинэ төрлийн бодисын хууль бус эргэлт” сэдэвт танилцуулга хийж, мансууруулах бодис хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа арга хэрэгсэл, гэмт хэрэг, зөрчлийн бодит нөхцөл байдалтай алба хаагчид танилцаж, туршлага судлав.
Мөн хоёр байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлийг тодорхойлж, бүх түвшинд хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.