Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарт салбарын татварын орчин, нөхцөлийн талаар танилцуулах, санал солилцох “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ТАТВАРЫН ОРЧИН” сургалт хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нар үг хэллээ.
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал хэлэхдээ Монгол улс хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 50 орчим хувийг гаднын орнуудаас импортоор авч байна. Тухайлбал 2021 онд 0.96 тэрбум ам.доллар, 2022 онд 1.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авсан нь нийт импортын 13-14 хувийг эзэлж байна. Тухайлбал 2022 онд:
– 71 сая ам долларын мах, махан бүтээгдэхүүн,
– 66 сая ам.долларын мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, шувууны өндөг,
– 20 сая ам.долларын хүнсний ногоо,
– 47 сая ам.долларын жимс, жимсгэнэ,
– 60 сая ам.долларын амьтан болон ургамлын гаралтай тос, тосон бүтээгдэхүүн,
– 120 сая ам. долларын гурилан бүтээгдэхүүн,
– 180 сая ам.долларын үнийн дүн бүхий хүнсний төрөл бүрийн бэлдмэл зэргийг тус тус импортолсон байна.
Энэхүү импортыг орлох, цаашлаад экспортлогч орон болоход гол үүргийг гүйцэтгэх хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг гаалийн байгууллагын зүгээс бүх талаар дэмжиж “Боомтын сэргэлт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлууд, Гаалийн төв лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомтууд дээр салбар лабораториудыг шинээр байгуулах, гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах, хялбаршуулах, хөнгөвчлөх чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.