Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын удирдлагууд Монгол Улсад айлчлан ирсэн ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга В.В.Ивинийг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд суух Холбооны гаалийн албаны төлөөлөгчийг албан ёсоор танилцуулахын сацуу Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ОХУ-д суух төлөөлөгчийн газрыг нээхийг дэмжиж буйгаа дахин илэрхийлсэн байна.
Түүнчлэн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол – Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, 2021 онд ОХУ-ын Москва хотноо болсон Монгол, Оросын гаалийн байгууллагын дарга нарын уулзалтын протоколд тусгагдсан ажлуудын талаар ярилцаж хоёр талын хамтын ажиллагааны бүх асуудлын хүрээнд ахиц дэвшил гарч байгааг сайшаан тэмдэглэв.
Цаашид “Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахим хэлбэрээр харилцан хүлээн зөвшөөрөх тухай Протокол”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд цахим мэдээлэл солилцох ажлыг туршилтаар эхлүүлэх; Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн статусыг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг эхлүүлэх; Монгол-Оросын хилийн боомтууд дахь гаалийн хяналтын асуудлаар хоёр талын хилийн холбоо баригч дарга нарын уулзалтыг 2023 оны эхний хагас жилд Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа.