Дэлхийн гаалийн байгууллага болон Швейцарын эдийн засгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газрын хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд “Дата аналитик” сургалтыг Монгол Улсын гаалийн байгууллагад 2023 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“Дата аналитик” сургалтад ДГБ-ын “BACUDA” хөтөлбөрийн экспертүүд Сүншиг Ким хөтөлбөрийн менежер, Жоёл Чой “BACUDA” хөтөлбөрийн эксперт, Чамроен Сан “BACUDA” хөтөлбөрийн эксперт, Копал Тандон “BACUDA” хөтөлбөрийн эксперт, Монголын гаалийн байгууллагын мэдээллийн технологи, статистик, эрсдэлийн удирдлага, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт, төрийн захиргаа, зөрчил, санхүү, татвар орлогын нэгж, гаалийн газар, хороодын төлөөллөөс бүрдсэн 30 гаалийн улсын байцаагч танхимаар, бусад байцаагч нар цахимаар оролцсон болно.
“Дата аналитик” сургалт нь гаалийн байгууллагын өмнө тулгарч байгаа дата аналитик буюу дүн шинжилгээний талаарх үндсэн ойлголт, ач холбогдол, дүн шинжилгээг ямар арга зүй, программ болон арга хэрэгсэл ашиглаж богино хугацаанд чанартай гүйцэтгэх, зөв шийдвэр гаргах, дата аналитикчийн ур чадварыг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд мэдлэг, мэдээлэл, туршлагыг хуваалцсан үр дүнтэй сургалт зохион байгуулагдлаа.
Тус сургалт, хэлэлцүүлгээр гаалийн байгууллагын дата аналитикийн тогтолцоог сайжруулах чиглэлд “Дата засаглалын стратеги”-ийн төслийг боловсруулжээ.
Цаашид энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байна.