Зохион байгуулагч: БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Дэмжигч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Монреалийн Протоколыг хэрэгжүүлэх Олон талт сан
“ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-тай хамтран “МОНРЕАЛИЙН ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ИМПОРТ, ЭКСПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ АСУУДЛААР ГААЛИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ” сэдэвт гаалийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Уг сургалтад ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн хорио цээрийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газар, МХЕГ-ын нийт 51 гаалийн болон байгаль орчны улсын байцаагчид оролцлоо.
БОАЖЯ-ны ОҮА-ны захирал проф.Ц.Адъяасүрэн сургалтыг нээж Монгол Улс “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-оор хүлээсэн үүргээ биелүүлэхэд гаалийн болон байгаль орчны улсын байцаагч нарын мэдлэг, ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцолсон.
ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван сургалтын үеэр ОҮА болон ГЕГ олон жилийн турш хамтран ажиллаж, сургалт зохион байгуулсны үр дүнд гаалийн байцаагчид химийн хорт бодисын нэг төрөл болох озон задалдаг бодист хил, гаалийн хяналт тавих чадавхыг тасралгүй бэхжүүлж байгааг дурдаад энэхүү сургалтад гаалийн хяналтын байцаагчдыг идэвхтэй хамрагдахыг уриалж, цаашдын хяналт шалгалтын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг санууллаа.
БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Татварын орлогын газар, Гаалийн төв лабораторийн бүрэлдэхүүн бүхий сургагч багш нар доор дурдсан сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа:
Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ)-оос гаалийн газар, хороодод хөтөлбөрийн санхүүжилтээр олгосон озон задалдаг бодис тодорхойлох багаж, төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар дадлага ажлыг видео хэлбэрээр бэлтгэж оролцогчдод хүргэлээ.
Сургалтын төгсгөлд дараах хоёр сэдвээр ажлын бүлэгт хуваагдан хэлэлцэж санал солилцов.
Сэдэв 1: Алслагдсан байршлууд дахь гааль болон хилийн хяналтын байцаагч дад хөргөх бодисын импортод хатуу хяналт тавих эрсдэлийн удирдлагын талаарх сургалтыг хэрхэн бэхжүүлэх вэ?
Сэдэв 1-ийн хэлэлцүүлгийн үр дүнд:
Сургалтад оролцогч гаалийн болон байгаль орчны улсын байцаагчид алслагдсан байршлууд дахь гааль болон хилийн хяналтын байцаагчдыг хөргөх бодистой холбоотой гарын авлагаар хангах, сургалт зохион байгуулахын зэрэгцээ цаашид зохион байгуулсан сургалтын дараа сорил авч, тодорхой хэмжүүрээр дүгнэж, тэнцсэн оролцогчдод гэрчилгээ олгох санал гаргалаа.
Сэдэв 2: Озон задалдаг гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) бодис ашигласан хөөсөнцөр, хуванцар сав үйлдвэрлэх машин төхөөрөмж, озон задалдаг бодис HCFC-141b болон HFC-227ea, HFC-245fa, HFC-365mfc төрлийн хүлэмжийн хий агуулсан урьдчилан хольсон барилгын дулаалгын хөөсөнцрийн полиол болон хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг CAIS – Customs Administration Information System (Гаалийн хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн систем) системээр хэрхэн хянах вэ?
Сэдэв 2-ын хэлэлцүүлгийн үр дүнд:
Хяналт шалгалтын үйл явцад озон задалдаг бодис агуулж/ашиглаж байх магадлалтай тоног төхөөрөмж импортолж байх тохиолдолд ахлах байцаагчдаа мэдэгдэн хорио цээрийн болон байгаль орчны байцаагчийг томилуулж ажиллуулах, озон задалдаг бодистой холбоотой хяналт шалгалтад гаалийн хяналтын байцаагчид дор бүрнээ хариуцлагатай, хууль, журмын дагуу ажиллахыг анхааруулсан.
Озон задалдаг гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) бодис ашигласан хөөсөнцөр, хуванцар сав үйлдвэрлэх машин төхөөрөмж, озон задалдаг бодис HCFC-141b болон HFC-227ea, HFC-245fa, HFC-365mfc төрлийн хүлэмжийн хий агуулсан урьдчилан хольсон барилгын дулаалгын хөөсөнцрийн полиол болон хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг CAIS системээр хэрхэн хянах талаар гаалийн холбогдох газар, хэлтэстэй дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.
Сургалтын үр дүнд гаалийн болон байгаль орчны улсын байцаагчид Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлт, олон улсын хариу арга хэмжээ, озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн зөвшөөрлийн үндэсний тогтолцоо түүнтэй холбоотой хууль тогтоомж, бусад холбогдох мэдлэг, мэдээллийг авч чадавхаа бэхжүүлснээс гадна хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд цаашид озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн хил, гаалийн хяналт шалгалтыг хэрхэн бэхжүүлж, хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.