Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны гаалийн алба “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”, “Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга нарын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо зохион байгуулсан уулзалтын тэмдэглэлийн 4 дүгээр хэсэг”-ийн хэрэгжилтийг тус тус үндэслэн эрсдэлийн удирдлагын хүрээнд хамтран ажиллах асуудлаар шинжээчдийн уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын Гаалийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Ц.Гэндэнцэвээн, Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны гаалийн алба (ХГА)-ны Шуурхай хяналт, эрсдэлийн удирдлагын төвийн удирдах газрын орлогч дарга А.А.Титов нар тус тус ахлан ажиллаж, уулзалтаар Талууд дараах тохиролцоонд хүрсэн болно.
1.Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын эрсдэлийн удирдлагын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн эх бичвэрийг талууд баталж, Талууд 2023 онд хоёр улсын гаалийн байгууллагын удирдлагын уулзалт, эсхүл Монгол-Оросын өндөр дээд түвшний арга хэмжээ (жишээлбэл, Төрийн тэргүүн нарын уулзалт, Засгийн газрын тэргүүн нарын уулзалт, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан)-ний хүрээнд уг хэлэлцээрт гарын үсэг зурах боломжтой гэдэгт анхаарлаа хандуулж ажиллахаар тохиролцсон.
2.Талууд Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны эрсдэлийн удирдлагын чиглэлээр практик хамтын ажиллагааг эхлүүлэх ажлыг зохион байгуулахаар тохиролцов:
– тухайлбал, “эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад худалдаанд оролцогч талуудыг ангилах, эрсдэлийг тодорхойлох үйл ажиллагааг автоматжуулах, эрсдэлийн хүрээг ашиглах үр ашгийг үнэлэх, рентген тоног төхөөрөмж ашиглах зэрэгт харилцан туршлага солилцох”;
– “хоёр орны худалдаа болон дамжин өнгөрөх барааг нэвтрүүлэх үед үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор мэдээллийг харилцан солилцох” зэрэг асуудал.
Талууд Монгол, Оросын гаалийн байгууллагуудад ашиглаж байгаа эрсдэлийн удирдлагын тогтолцоог тухай бүрд харилцан зөвлөлдөх, бичгээр харилцах замаар харилцан нарийвчлан судалсны дараа Хэлэлцээрийг хэрэгжүүлэх тодорхой харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлүүдийг тодорхойлно гэж тохиролцлоо.
Талууд цаашид Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА-ны эрх бүхий нэгжүүдийн хүрээнд тогтмол хэлэлцэх асуудлыг, мөн Хэлэлцээрийг бодитоор хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах шинжээч нарын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцлоо.