Өнөөдөр Сангийн яамны Түшээ танхимд Монгол Улсын Ерөнхий Сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2024-2027/”-г Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг танилцууллаа.
Энэ төлөвлөгөөний зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүний талаарх уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг арилгах, хувь хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Тус танилцуулга мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл хүргэлээ.
Төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахын тулд дөрвөн зорилт дэвшүүлснийг танилцуулсан юм.
1. Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих
2. Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах
3. Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах
4. Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендэрийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талт хамтын ажиллагааг дэмжих зэрэг зорилт дэвшүүлсэн байна.