Дэлхийн гаалийн байгууллагын “Smart customs” төслөөс “Дэвшилтэт технологи” бүс нутгийн хоёр дахь удаагийн семинар 2024 оны 9-р сарын 23-наас 27-ны хооронд Индонезийн Жакарта хотод Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Энэ семинарт Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх Мэдээллийн Технологийн газрын албан хаагчид “Монгол улсын гаалийн үйл ажиллагаанд дата аналитик болон хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Хятадын Гаалийн Хамтын Ажиллагааны Сан (CCF Хятад)-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд ДГБ-ын гишүүн 23 орны 34 төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, олон улсын байгууллагын илтгэгчид оролцсон юм.
Семинарын үеэр оролцогчид хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл, өгөгдлийн аналитик, зүйлсийн интернэт, блокчэйн гэх зэрэг технологийн шинэлэг хэрэглээ болон эдгээр дэвшилтэт технологитой холбоотой хууль эрх зүйн шаардлага, бизнесийн үйл явц зэрэг олон янзын сэдвүүдийг судалж, гаалийн үйл явц дахь технологийн ирээдүйн талаар хэлэлцсэн юм.
Монгол улсын Гаалийн байгууллага нь 1992 оноос эхэлж үйл ажиллагааг автоматжуулсан ба ухаалаг гарц, цаасгүй бүрдүүлэлт, дата аналитик, өгөгдлийн сангийн дэд бүтэц, хиймэл оюу ухааны хэрэглээ зэргийг онцолж танилцуулсан нь ДГБ-н төлөөлөгчид болон оролцогчдын анхаарлыг татаж, асуулт хариултыг өрнүүлсэн.
Мөн ДГБ-н Ухаалаг гааль төслөөс AI, үүлэн тооцоолол, блокчэйн зэрэг сонгогдсон технологиудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн тайлангуудын (WCO/WTO Study Report on Disruptive Technologie) талаарх мэдээллийг танилцуулжээ.