Дэлхийн нийтийн хэмжээнд Гаалийн байгууллагууд “Гаалийн мэргэшлийн ёс зүйг хөгжүүлэх замаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, Хүний эрхийг хангах, Байгууллагын эерэг соёл”-ыг төлөвшүүлэх замаар “Гаалийн үйлчилгээг ил тод, нээлттэй, соёл”-той үзүүлэх нөхцөл боломж бүрддэг бөгөөд Олон Улсын жишигт нийцсэн ёс зүйн өндөр хэм хэмжээг Гаалийн байгууллагад төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.
УИХ-аас 2023 онд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийг батлан, Ёс зүйн хороо болон төрийн байгууллагын орон тооноос хамаарч яам, агентлаг, салбар байгууллагын дэргэд “Ёс зүйн дэд хороо”-г байгуулж, Үндэсний хөтөлбөр, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах ажлыг эхлүүлсэн.
Энэхүү хуулийн дагуу Гаалийн удирдах төв байгууллага болон харьяа гаалийн газар, хороодын дэргэд 20 “Ёс зүйн дэд хороо”-г байгуулсан. Эдгээр хороодын ажиллах зарчим, “Ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” арга хэмжээг төлөвлөх, түүний дотор “Гаалийн улсын байцаагчийн Ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэх төсөл боловсруулах зорилго бүхий уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Гаалийн ерөнхий газарт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал нээж “Гаалийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар танилцуулсан. Тэрээр Дэлхийн гаалийн байгууллагын “Гаалийн байгууллагын ёс зүйн үнэлгээ”-г Арушагийн тунхаглалд тусгасан 10 чиглэлээр “Гаалийн албан хаагч” болон “Үйлчлүүлэгч”-ээс авсан үнэлгээний үр дүнгээс харахад, “Ёс зүйн чиг хандлага”-ыг өндөр түвшинд хүргэх, ялангуяа удирдлага ёс зүйгээр үлгэрлэх хэрэгцээ шаардлага” байгааг онцлон, уулзалтын арга хэмжээнд амжилт хүслээ.
Уулзалтаар Гаалийн байгууллагын “Ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэх, Ёс зүйн дэд хорооны ажиллах зарчим, “Ёс зүй, байгууллагын соёлыг төлөвшүүлэх замаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” арга хэмжээг 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгах болон олон асуудлаар Гишүүд санал солилцлоо.
“Ёс зүй, авлига, ашиг сонирхол”-той холбоотой асуудлыг нэг өдрөөр хязгаарлан шийдвэрлэхгүй тул цаашид системийн хэмжээнд болон Монгол Улсын Ёс зүйн хороо, бусад төрийн байгууллагын Ёс зүйн дэд хороодтой хамтран ажиллах зорилт дэвшүүллээ.