Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 тогтоолын хэрэгжилтийг хангах “Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан экспортын хяналтын эрх зүйн орчныг бий болгох ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 4-р сарын 28-ны өдрийн №77 дугаартай захирамжаар “Экспортын хяналтын тухай хууль” боловсруулах хоёр шатны ажлын хэсгийг байгуулсан билээ.
Гаалийн байгууллага “Терроризмтой тэмцэх зөвлөл”-ийн гишүүнээр ажилладаг бөгөөд энэ удаа бусад орны туршлагыг солилцох хүрээнд Европын холбооноос хэрэгжүүлж буй P2P төсөлд хамрагдан экспортын эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.
Энэхүү Европын холбооноос хэрэгжүүлж буй P2P төсөлд төслийн ерөнхий зохицуулагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Экспортын хяналтын байгууллага (BAFA)-ын урилгаар Албани Улсын Тирана хотод “Зэвсгийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь сэдэвт” олон улсын хэлэлцүүлэгт Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, хууль боловсруулах дэд ажлын хэсгийн нарийн бичиг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тасгийн дарга Ц.Чинзоригт, ажлын хэсгийн гишүүн Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тасгийн ахлах ажилтан Г.Надмидцэрэн нар оролцож байна.
Монгол Улс Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх үүргийг биелүүлэх зорилгоор үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлтэй бараа, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дахин экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх, зуучлах, санхүүжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх болон түүнтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм.