Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрийн “Гаалийн Хамтын Ажиллагааны Хороо (ГХАХ)”-ны 23 дугаар хуралдаан Казакстан Улсын Астана хотод 2024 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Хуралдаанд ГХАХ-ны гишүүн 10 гаалийн байгууллагын 45 (Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан), бусад олон улсын байгууллага (Дэлхийн Гаалийн байгууллага, НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн Бага Хурал, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс, АХБ)-ын 19, нийт 64 төлөөлөгчид оролцсон.
Хуралдаанаар “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт; Нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага; КАРЕК-ийн Гишүүн орнуудын Гаалийн байгууллагын Худалдааг хөнгөвчлөх санаачилга; КАРЕК-ийн Гаалийн хамтын ажиллагааны хорооны 2024-2025 оны ажлын төлөвлөгөө, АХБ-аас үзүүлж буй бүс нутгийн техникийн туслалцаа; БНСУ-ын Гаалийн байгууллагын түншлэлийн хүрээнд үзүүлж буй арга хэмжээ; Гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэлтэй асуудал, боломж: Хөгжлийн түншлэгч байгууллагаас үзүүлж буй санаачилга” чиглэлээр танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
КАРЕК-ийн Гишүүн орнуудын Гаалийн байгууллагын Худалдааг хөнгөвчлөх санаачилга сэдвийн хүрээнд “Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах болон Корридорын гүйцэтгэлийг хэмжилт болон хяналтын үйл ажиллагаа; Ногоон санаачилгад Цаасгүй худалдаа болон ИААН-ийн үзүүлэх нөлөөлөл; КАРЕК-ийн Дамжуулан өнгөрүүлэх систем туршилтын төслийн хэрэгжилт; КАРЕК-ийн Гишүүн Гаалийн байгууллагын Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилга”-ын талаар харилцан туршлагаа хуваалцаж, санал солилцов.
Монголын Гаалийн байгууллагын төлөөлөл “Ногоон санаачилгад Цаасгүй худалдаа болон ИААН-ийн үзүүлэх нөлөөлөл” хэсгийн модератор хийж, “Хилийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, Гаалийн байгууллагын чадамжийг сайжруулах” сэдвээр танилцуулга хийж, сонирхсон асуулт, түүний дотор Бүрдүүлэлтийн цаг хугацааны судалгаа хийсэн арга зүй, Нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлагын үр нөлөөний талаар туршлага хуваалцлаа.
Мөн хуралдаанд хөгжлийн түншлэгч байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АХБ-ны дэмжлэг, БНСУ-ын түншлэл, ДГБ, НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран ажиллаж буй туршлага, боломжийн талаар ярилцсан.
Хуралдааны төгсгөлд Казакстан Улсын Астана хотод КАРЕК-ийн Гаалийн хамтын ажиллагааны 23 дугаар хуралдааны тэмдэглэлийг батлан, АХБ-ны техникийн туслалцаа “Хилийн боомтын хатуу дэд бүтцийг хөгжүүлэх; Ухаалаг хилийн шалган нэвтрүүлэх цэгийг бий болгох; Корридорын гүйцэтгэлийг хэмжилт болон хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх; КАРЕК-ийн Дамжуулан өнгөрүүлэх болон Нийтлэг мэдээлэл солилцох систем туршилтын төслийн хамрах хүрээг өргөжүүлж хөгжүүлэх; Цахим гааль, цаасгүй худалдаа, технологийн инновац, түүний дотор Хиймэл оюун ухааныг хэрэглэн Гаалийн дижитал шинэчлэлийг төгөлдөршүүлэх; Гааль-Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх”-д цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ онцоллоо.
Ийнхүү КАРЕК-ийн Гаалийн хамтын ажиллагааны 23 дугаар хуралдаан амжилттай явагдаж, дараагийн буюу 24 дүгээр хуралдааныг 2025 онд Киргизстан Улсад зохион байгуулахаар төлөвлөсөн.