Гаалийн байгууллага болон төмөр замын байгууллага хоорондын цахим мэдээлэл солилцооны асуудлаар ГЕГ-ийн дэд дарга Г.Энхтайван, УБТЗ ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга Асланов.К.В нар болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр (2024.05.10) уулзлаа.
Уулзалтаар “Ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, тээврийн бичиг баримтын мэдээллийг цахим хэлбэрээр солилцох” тухай Гаалийн Ерөнхий газар болон УБТЗ ХНН –ийн дарга нарын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/136, А-327 дугаартай хамтарсан тушаалын хэрэгжилтийн явцыг дүгнэж хоёр тал цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
ОХУ-руу буцаагдаж байгаа хоосон вагоны дагалдах бичиг баримтын хяналтыг цаасгүй цахим технологид шилжүүлэх ажлыг гаалийн болон төмөр замын байгууллага хамтран нэн тэргүүнд гүйцэтгэн 2024 оны 5 дугаар сард багтаан туршиж, улмаар үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр тохиров.
Мөн гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгын хүрээнд ОХУ болон БНХАУ-аас төмөр замаар тээвэрлэгдэн улсын хил нэвтэрч байгаа бараа тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримт мэдээллийг цахимаар солилцох, хөрш орнуудын тээврийн болон гаалийн байгууллагуудаас мэдээллийг цахимаар хүлээн авах, дамжуулах мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох талаар хамтран ажиллахаар санал нэгдлээ