Талууд санамж бичгийн хүрээнд хууль, тогтоомжийн дагуу эрдэм, шинжилгээ, судалгааны төсөлт ажлыг хэрэгжүүлэх, Үндэсний болон Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, сургагч багш болон мэргэжилтнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, мэргэжлийн ба богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах, эрдэм шинжилгээний сэтгүүл гаргах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Гаалийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал 80 гаруй жилийн түүхтэй Монгол Улсын эрдэм оюуны төв, ууган их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд гаалийн байгууллагын үе үеийн албан хаагчдыг мэргэшүүлэн магистр, докторын зэрэг хамгаалахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад нийт гаальчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ.
МУИС-ийн ректор, доктор, профессор Д.Бадарч хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр албажуулж буйд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сургуулийн зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийнхээ тухай товч дурдаж, Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сард Боловсролын багц хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах, их бүтээн байгуулалт хийгдэж эхэлж буй хөгжлийн шинэ үед энэхүү арга хэмжээ хийгдэж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Уг арга хэмжээнд МУИС-ын Бизнесийн сургуулийн захирал, доктор профессор Н.Батнасан, Маркетинг, худалдааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ө.Номинцэцэг, МУИС-ийн Бодлогын судалгааны лабораторийн эрхлэгч Х.Анхбилэг нар оролцсон бөгөөд “Гаалийн байгууллагын мэдээллийн технологийн шилжилт” сэдвээр Мэдээлэл, технологийн газрын ГУАБ Н.Сандуйсүрэн, “Гаалийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн тухай” МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан нарын мэдээллийг сонсож, хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.