Гаалийн байгууллага Европын холбооны “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл” -тэй хамтран 2025 оны 08 дугаар сарын 18–29-ний өдрүүдэд “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
“Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх” сургалтад оролцож буй албан хаагчид “Хөтөлбөрийн олон улсын стандарт, үзэл баримтлал, Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн шалгуур үзүүлэлт, өргөдөл гаргах болон итгэмжлэл олгох үйл явц, Европын холбооны гишүүн улс хооронд болон Засгийн газрын байгууллага хооронд мэдээлэл солилцох, Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах” зэрэг онолын мэдлэг, мөн Европын холбооны Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хүрээ, Гааль-Бизнесийн түншлэлийн зарчим, олон улсын сайн туршлагаас суралцаж байна.
Хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг дэмжих, сайн дураар хууль сахих боломжийг нэмэгдүүлэх чиглэлд 2025 оны 08 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “МҮХАҮТ-тай уулзалт хийх, Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцох, Жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулах, Экспортлогч, импортлогч хоёр аж ахуйн нэгжид ИААН баталгаажуулалт” хийх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Сургагч багш бэлтгэх сургалтын явцад арга зүй, сургагч багшийн үүрэг, хариуцлага, амжилтад хүрэх үндэс зэрэг сэдвийг онол, практик хослуулан сургаж байгаа нь үндэсний хэмжээнд “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөлийг бүрдүүлж буй юм.