Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон Европын Холбооны Монгол Улсын Худалдааг хөгжүүлэх төслийн хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Дижитал худалдааны долоо хоног” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Тус арга хэмжээ нь 03 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд “Цахим худалдаа, Цаасгүй худалдаа, Цахим худалдааны тогтвортой байдал, Хил дамнасан цаасгүй худалдаанд блокчейнийг ашиглах нь, Цахим худалдааны бодлого, Олон улсын бодлого Монгол Улсын Цахим худалдаанд нөлөөлөх нь, Бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажлын хэлэлцээр” гэх мэт чухал сэдвүүдээр оролцогч талууд яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
“Монгол Улсын Дижитал долоо хоног” арга хэмжээнд гаалийн байгууллагаас ГХЯ-ын сайдын баталсан “Ази, номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн дэд дарга ба ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн, Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл болон ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын төлөөллүүд оролцож байна.