Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтэс, Сургалтын төв хамтран Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Гаалийн үнэлгээний ахисан түвшний сургалт”-ыг зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь гаалийн үнэлгээний онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практикт гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Мөн барааны гаалийн үнийг мэдүүлж буй шинж байдлыг таньж тогтоох, гаалийн үнэлгээний луйвар, мөнгө угаахтай холбоотой эрсдлийг тодорхойлох, өдөр тутмын үйл ажиллагаанд гарч буй алдаа, гомдол, маргааныг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.
Мэдээллийн технологийн дэвшил, худалдааны үйл ажиллагааны цахимжилт эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нөхцөлд гаалийн байгууллага нь гаалийн үнэлгээний хяналтын тогтолцоог олон улсын стандарт, гадаад худалдааны бодлоготой нийцүүлэн шинэ түвшинд гаргах шинэ сорилтуудтай тулгарч байна.
Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих, авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шинжээчээр ажиллах эрх зүйн үндэслэл, шинжээчийн эрх, үүрэг, дүгнэлт гаргах үйл ажиллагааны талаар Удирдлагын академи, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн хэлтэс, Авлигатай тэмцэх газраас холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудыг урьж оролцуулсан нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлж цаашид хууль эрх зүйн орчид тусгах асуудалд хувь нэмэр оруулж байна.