Гаалийн ерөнхий газрын удирдлагууд Татварын ерөнхий газрын удирдлагын багтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид сайжруулах арга хэмжээний талаар санал солицлоо.
Уулзалтад ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн болон гааль, татварын байгууллагын удирдлагын багийн гишүүд оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах асуудлаар санал солилцлоо. Үүнд: Шуудан үйлчилгээ, ачаа хүргэлтээр тээвэрлэгдэж буй барааны татварт хамрагдалт
Экспортын болон импортын бараа бүтээгдэхүүнийг үе шаттайгаар кодолж, агуулахын бүртгэлтэй холбох
ОУВС-ын зөвлөмжийн дагуу гаалийн зөрчлийн мэдээллийг татварын байгууллагад, татварын байгууллагад илэрсэн татварын зөрчлийн мэдээллийг гаалийн байгууллагад хүргүүлэх замаар хамтран ажиллаж, мэдээлэл солилцох
Гаалиар бараа бүтээгдэхүүн импортлогч, экспортлогчдын үйл ажиллагаанд эрсдэл тооцох замаар хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах
Олон нийтэд хууль тогтоомж таниулах, хамтарсан сургалт явуулах, зөвлөн туслах, ажлыг хэрэгжүүлэх
Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд зарим үйл ажиллагааг хамтарсан ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх, ТЕГ болон ГЕГ-ын анхдагч мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж бараа бүртгэлийн нэгдсэн системийн кодын сангийн нарийвчлал, мэдээлэл солилцоог сайжруулах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хамтран сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг үе шаттай хийхээр боллоо.