Өнгөрсөн 10 дугаар сарын 28-нөөс 30-ны өдрүүдэд Оросын Холбооны улсын Москва хотод “Олон улсын гаалийн форум-2024” зохион байгуулагдлаа. Тус форумд 23 орны 92 төлөөлөгчид оролцсон энэ форумын онцлог нь хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх; бүс нутгийн интеграци буюу Евроазийн эдийн засгийн холбоо, БРИКС-ийн орнуудын гаалийн хамтын ажиллагаа, гаалийн хууль тогтоомжийг уялдуулах ажлыг Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж /эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор/-ийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг байгуулах замаар зохион байгуулах асуудлуудад онцгой анхаарал хандуулсан.
“Гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1993 онд байгуулснаар шинэ үеийн Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны үндэс суурь тавигдаж эдүгээ хүртэл үргэлжлэн хөгжиж байна. Манай улсын хувьд ирэх жилд ОХУ-тай “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийг байгуулахаар төлөвлөж байна. Хоёр орны аж ахуйн нэгж, иргэд хилийн боомт, гааль дээр зарцуулах хугацаа, зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван тус форумд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулсан. Монгол улсын хувьд CITES конвенцийн гэрчилгээг цахимаар солилцох хэлэлцээрийг ОХУ-тай төслийн түвшинд судалж байгаа юм.