НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн хойд Азийн Худалдааг хөнгөвчлөх олон улсын семинар, Их түмэн санаачилгын Худалдаа, хөрөнгө оруулалтын 6 дугаар хуралдаан, Гаалийн дэд хорооны 6 дугаар хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд УБ хотноо цахим болон биет хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Их түмэн санаачилгын Нарийн бичгийн даргын газар, БНХАУ-ын Худалдааны яам, БНСУ-ын Санхүү, эдийн засгийн яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ болон Их түмэн санаачилгын гишүүн БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол Улсын Гаалийн байгууллагын давхардсан тоогоор 75 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Зүүн, хойд Азийн “Худалдааг хөнгөвчлөх олон улсын семинар”-ын үеэр “Хил дамнасан цахим худалдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортод; Цахим ачааны дагалдах хуудас болон цахим худалдаа; Худалдааг хөнгөвчлөхөд технологийг хэрэглэх нь” сэдвээр НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс, БНСУ-ын Бизнесийг хөгжүүлэх газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гол чиглэлийг танилцуулсан. Түүнчлэн БНСУ-ын Улс төр, эдийн засгийн сургууль, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ чиглэлээр баримтлах үндэсний бодлого, туршлагаа хуваалцсан.Энэхүү семинар нь Жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх, салбарын хөгжил, салбар хоорондын уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх чухал арга хэмжээ боллоо.
Гаалийн дэд хорооны 6 дугаар хуралдааныг Гаалийн ерөнхий газар даргалан, дэд хорооны 2024-2025 оны төлөвлөгөөг Гишүүд санал нэгтэй баталлаа. БНХАУ, БНСУ, ОХУ, Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Цахим худалдаа, цаасгүй худалдаа”-ны чиглэлээр хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, хүндрэлтэй асуудлыг хэрхэн даван туулсан арга замыг хуваалцлаа. Монголын Гаалийн байгууллагаас “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан хүлээн зөвшөөрөх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг танилцуулсан.
Их түмэн санаачилгын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 6 дугаар хуралдааныг ЭЗХЯ даргалсан. Энэхүү хуралдааны үеэр, хорооны 5 дугаар хуралдаанаас хойш хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хорооны 2024-2025 оны төлөвлөгөө, Худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг болох цаасгүй худалдааны санаачилга, “Гаалийн дэд хорооны 6 дугаар хуралдаан”, “Зүүн, хойд Азийн Худалдааг хөнгөвчлөх олон улсын семинар”-ын үр дүнг Хурал даргалагч нар танилцуулсан.
Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооноос Монгол Улсын Гаалийн байгууллагаас санаачлан танилцуулсан “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн чадавхыг бэхжүүлэх” төслийг дэмжин, энэ оны 9 дүгээр сард УБ хотноо зохион байгуулагдах Их түмэн санаачилгын Зөвлөлдөх комисст танилцуулан, батлуулахаар боллоо