Олон улсын авто тээвэрчдийн холбооноос 2024 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд “Международный центр приграничного сотрудничесва”-д зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт Монгол, Хятад, Узбекистан, Казахстан Улсын гаалийн байгууллагын төлөөлөгч нар болон тус улсуудын авто тээвэрчдийн холбоо (НАРТАМ, AIRCUZ, CRTA, GIRCA, KAZATO)-ны төлөөлөгч нар оролцлоо.
Уулзалтаар TIR горимын тээвэрлэлтийг “НОГООН ГАРЦ”-аар нэвтрүүлж байгаа туршлага, БНХАУ-ын TIR горимын тээвэрлэлтэд тавьж буй хяналттай холбоотойгоор бусад улс орнуудад тулгарч байгаа бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон.
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны Конвенци хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 86 дугаар тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Булган, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, Эрээнцав /автозамын/ боомтоор ТИР карней бүхий тээвэрлэлтийг нэвтрүүлж байна.
Монгол Улсын гаалийн байгууллагын CAIS системд TIR-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ийг холбох ажлыг 2021 оноос идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар цахим мэдээлэл солилцож, программ хөгжүүлэх ажлын гүйцэтгэл нь 80%-тай байна.