Түүх ярих юм бол ”Гааль, Эдийн засгийн коллеж” нэртэй ГЕГ-ын дэргэд байсан сургалтын байгууллагыг 2010 онд ЗГ-ын тогтоолоор МУИС-д нэгтгэсэн. Тэр цагаас хойш МУИС нь гаалийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол төв болсон гэж үзэж болох юм. Одоо гаалийн байгууллагын системд 2000 гаруй хүн ажиллаж байна. Бид 2010 оноос хойш гадаад худалдаа, гаалийн чиглэлээр 200 гаруй бакалаврын мэргэжилтэн, 30 орчим магистр, 1 докторыг гаалийн чиглэлээр бэлтгэж гаргасан бөгөөд тэд маань гаалийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.
Бидний цаашдын зорилго бол зөвхөн боловсон хүчнийг нь бэлтгэхэд төдийгүй гаалийн байгууллагын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг нь шийдвэрлэхэд хамтарч оролцох, гааль судлалын чиглэл дээр хамтрах явдал гэж харж байна. Энэ бол бидний гаальтай хамтран ажиллах чиглэлд баримтлах гол стратеги.
Одоо манай гаалийн үйл ажиллагааны бүтээмжийн болон техник технологийн түвшин дэлхийн тэргүүлэх түвшний орнуудтай харьцуулахад нэлээд доогуур түвшинд байна. Тэргүүлэх хөгжилтэй орнуудын түвшинд дөхөж очихын тулд маш их ажиллах шаардлагатай. Тэгэхлээр энд бидэнд хамтран ажиллах асар том орон зай байна аа гэсэн үг.
Үүнийг МУИС-ийн судлаачдын зүгээс улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, бас гаалийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодитой боломж гэж харж байна.
Нөгөө талаас МУИС-д мэргэжилтнийг сургаж бэлтгэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах асуудлуудаас гадна төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бий.
Хамтын ажиллагаа талуудын аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа учраас бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гаалийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтэд оролцсоноороо сургаж байгаа оюутнуудаа юунд, хэрхэн сургахаа тодорхойлох боломжтой болох юм. Тийм учраас энэ хамтын ажиллагаа бидэнд олон талаар ач холбогдол бүхий хамтын ажиллагаа гэж харж байна.