Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын гаалийн байгууллагаас Дэлхийн гаалийн байгууллагын (ДГБ) Хүний нөөцийн хөгжлийн богино, дунд, урт хугацааны хөтөлбөрт хамрагдсан эмэгтэй албан хаагчдыг оролцуулсан тэдний ололт амжилт, сургамж, туршлагыг сонсох “ГААЛИЙН МЭРГЭШИЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮД” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Өнөөдрийн уулзалтын зорилго нь нийт албан хаагчид төдийгүй, түүний дотор гаалийн албанд шинээр нэгдэн ороод байгаа залуу гаальчид албан үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ “ДГБ-ын Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдан суралцах улмаар туршлага хуримтлуулж мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх боломжтой юм шүү гэдгийг сурталчлан таниулах, өөрийгөө хөгжүүлэх, дайчлах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд оршиж байгаа юм.
Тухайлбал, солилцооны хөтөлбөрт Монголын гаалиас хамгийн их буюу 12 хүн хамрагдсан байдаг. Энэ хөтөлбөр нь 45 хоног үргэлжилдэг бөгөөд гишүүн орнуудын 15 албан хаагчийг ДГБ-д 3 долоо хоног, гишүүн орны гаалийн байгууллагад 2 долоо хоног суралцах, туршлага солилцох хөтөлбөр юм.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улсын гаалийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас гадна дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй ДГБ-ын 186 гишүүн орны 310,000 гаруй гаальчин бүсгүйчүүд дуу хоолойгоо хүргэж байна.
ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Иан Сандерс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Жендэрийн тэгш байдал, олон талт байдал, оролцоо” компанит ажлыг эхлүүлж байгаагаа зарласан юм. Тэрээр ДГБ-аас 2020 онд гаргасан “Гаалийн байгууллагын жендэрийн тэгш байдал, олон талт байдлын тухай” тунхаглалд тусгасан ажлын байрны дарамтгүй, эрүүл, ажил-амьдралын тэнцвэрийг хангах санаачилгыг илүү өргөн хүрээнд оролцоог ханган зохион байгуулах болно гэдгийг онцолжээ.

Монголын гаалийн байгууллагад 1900 гаруй албан хаагч ажиллаж байгаагаас 16% нь ГЕГ-т, 84% харьяа гаалийн газар, хороодод ажиллаж байгаагаас 46% нь УБ хотод, 54% хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байна. Хүйсийн харьцааг аваад үзвэл 44% эрэгтэй, 56% эмэгтэй албан хаагч байна. Боловсролын түвшин 0.4% буюу 9 доктор, 438 буюу 15.5% магистр, 1427 буюу 73.8% нь бакалавр зэрэгтэй.
Удирдах дээд болон дунд түвшинд 21%-ийг эмэгтэй, 79%-ийг эрэгтэй албан хаагч эзэлж байгаа бол гүйцэтгэх түвшинд 43.2% нь эрэгтэй, 56.8% нь эмэгтэй албан хаагч ажиллаж байгаагаас харахад удирдах түвшинд эмэгтэй албан хаагчд ажиллаж байна. Гэтэл ДГБ-ын Хүний нөөцийн хөгжлийн богино, дунд, урт хугацааны хөтөлбөрт одоогийн байдлаар Монголын гаалийн байгууллагаас нийт 34 албан хаагч хамрагдсанаас 8 буюу 25% нь эрэгтэй, 26 буюу 75% нь эмэгтэй албан хаагчид байна. Эдгээр мэргэшсэн эмэгтэй албан хаагчид гүйцэтгэх түвшинд ажиллаж байгаа бөгөөд тэднийг дунд болон дээд түвшинд дэмжих бодлого хэрэгтэй байгааг харуулж байна.
Мөн Гаалийн байгууллага энэ онд “Англи хэлтэй албан хаагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь гаалийн улсын байцаагчийг зөвхөн ДГБ-ын төдийгүй олон улсын байгууллагын бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд олноор хамруулах, цаашдаа сонгон шалгаруулалтад бичиг баримт материалаа бэлтгэх, ярилцлагад ороход юун дээр анхаарах зэрэг менторшип хөтөлбөрийг санаачлан эхлүүлэх гэж байна.


Views: 5

Editor
%ZPP!EgUYrghTyT$jy!2(lzW