“Зөрчлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлыг боловсронгуй болгох ба хамтын ажиллагааны бүс нутгийн сүлжээ” сэдвээр 2024 оны 2-р сарын 7-8-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод ДГБ-ын Ази, Номхон далайн орнуудын өндөр түвшний дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдлаа. Уг дугуй ширээний ярилцлагад Монгол улсыг төлөөлөн Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал болон Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд нар оролцон санал бодлоо хуваалцлаа. Энэхүү ярилцлагын үер дараах 7 сэдвийн хүрээнд ярилцсан байна.
Эрсдэлийн удирдлага ба Зөрчлийн мэдээллийн дүн шинжилгээ сэдвийн хүрээнд эрсдэлийн удирдлага болон зөрчлийн мэдээллийн дүн шинжилгээ нь гаалийн менежментийн хувьд ямар үнэ цэнтэй болох талаар дэлхийн, бүс нутгийн болон үндэсний түвшинд ямар ойлголттой байдгийг хөндөж ярилцлаа.
Зөрчлийн мэдээлэл солилцох бүс нутгийн сүлжээний хамрах хүрээг өргөтгөх сэдвийн хүрээнд нь Зөрчлийн мэдээлэл солилцох бүс нутгийн алба (RILO)-ны зөрчлийн мэдээлэл солилцох бүс нутгийн сүлжээний хамрах хүрээг өргөтгөх талаар хэлэлцэж, хамтын ажиллагааг зөвхөн гаалийн байгууллага хооронд бус бас хууль сахиулах бусад байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.
Гаалийн байгууллага хооронд солилцох зөрчлийн мэдээлэл ба сүүлийн үеийн чиг хандлага сэдвийн хүрээнд гаалийн байгууллага хооронд зөрчлийн мэдээлэл солилцож буй бодит байдал, түүнийг үр дүнтэй болгох арга замын талаар, мөн түүнчлэн хил дамнасан хууль бус үйл ажиллагааны сүүлийн үеийн чиг хандлагын талаар, түүний дотор зөвхөн хар тамхины контрабанд төдийгүй бас тамхи зэрэг бүс нутгийн бусад ноцтой асуудлууд, утаат тамхи болон алтны контрабандын өсөлтийн талаар хэлэлцэн нутгийн дээрх асуудлуудыг шийдвэрлэх бүс нутгийн шинэ санаачилгуудын талаар саналаа дэвшүүлж хэлэлцсэн байна.
Хил дээр хууль сахиулахад ашиглах дэвшилтэт технологийн судалгаа сэдвийн хүрээнд эрсдэлийн удирдлага ба зөрчлийн мэдээллийн дүн шинжилгээний хүрээнд хил дээр хууль сахиулахад ашиглах дэвшилтэт технологийн хэрэгцээ шаардлага, тохиромжийн талаар хэлэлцсэн байна.
ДГБ-ын бүс нутгийн албад болох Зөрчлийн мэдээлэл солилцох албадын цаашид хийх ажлууд сэдвийн хүрээнд урьдчилан бэлтгэсэн судалгааны асуудлын дүнг танилцуулан оролцогч нар Зөрчлийн мэдээлэл солилцох Ази, Номхон далайн бүс нутгийн албаны цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцсон.
Далай тэнгисийн худалдаа (тээвэр) ба усан онгоцны эрсдэлийн удирдлага сэдвийн хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн газарзүйн онцлог шинж байдлыг харгалзан үзэж, далайн тээврийн чингэлэг, аяллын усан онгоцны эрсдэлийн удирдлага болон далай тэнгисийн тээвэр худалдаатай холбогдсон бусад асуудлын талаар хэлэлцлээ
Хууль бус худалдаатай тэмцэх мэдээллийн аналитик сэдвийн хүрээнд ДГБ-аас болон гишүүн орнуудын гаалийн байгууллагуудаас мэдээллийн аналитикийн талаар сүүлийн үед авч хэрэгжүүлж буй санаачилгуудтай тодорхой танилцсан байна.