Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 145, 2024 оны 02 дугаар сарын 01 -ны өдрийн 13 дугаар зарлигаар Гаалийн байгууллагад олон жил идэвх, зүтгэл үр бүтээл гарган ажилласан ахмад гаальчид болон албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар гаалийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Мөн Монгол Улсын Гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нэр төртэй хэрэгжүүлж, өөрийн оюун ухаан, ур чадвар, залуу насаа хоёргүй сэтгэлээр зориулан ажиллаж шинэ цагийн гаалийн байгууллагын түүхийг бүтээх их үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ахмадууддаа шагнасан юм. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Т.Сэлэнгэ, Ч.Энхтайван, С.Отгон, Алтан гадас одонгоор Д.Доржсүрэн, Б.Доной, Ч.Алимаа, Г.Туяа, П.Юмжирдулам, Я.Гансүх, Л.Баярсайхан, Я.Гансүх, Б.Түмэнжаргал, Х.Чулуунхүү, Хөдөлмөрийн хүндэт медалиар С.Цэцэгмаа нарыг тус тус шагнасан байна.
Эдгээр ахмадуудын дотор 84 настай С.Отгон, 74 настай Д.Доржсүрэн Т.Сэлэнгэ нар гаалийн байгууллагад тасралтгүй 43-34 жил ажилласан юм.
Гаалийн байгууллагын удирдлагын зүгээс шагнагдсан албан хаагчдад хандан Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан та бүхэнд баяр хүргэж, цаашид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд гаргасан амжилтаа бататган ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баяраар гэр бүл, хотол түмнээрээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.