Манай улс 2021 онд 721ш, 91230кг, 2022 онд 296ш 72567.72кг, давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. Бид энэ удаа электрон тамхины орц найрлага болон олон улс болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар мэдээлэл авахаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа.
– Электрон тамхины талаар товч ойлголт өгөөч, хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон бэ?
– Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 3180С хүртэл халааж, тэр нь шингэнийг ууршуулж, хэрэглэгчийн амьсгалах манан хэлбэрээр ялгаруулдаг. Тиймээс электрон тамхины хэрэглээг vaping гэж нэрлэдэг. Энэ нь харьцангуй шинэ бүтээгдэхүүн.
– Электрон тамхинд шинжилгээ хийж үзэхэд орц найрлага нь ямар бодис агуулагддаг вэ? эдгээр нь хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг үү?
– Электрон тамхины шингэн хэсэг нь nicotine, glycerol, propylene glycol, болон үнэр, амт оруулагч зэргийг агуулдаг. Эдгээрийг тус тусад нь тайлбарлавал…
Nicotine нь байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис. Янжуур тамхинд агуулагдах никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь MNS 5024:2013 стандартын дагуу 1,3 мг байдаг (Жишээ нь: ESSE Change 0.3мг, Parliament 0,8мг). Харин зарим электрон тамхинд энэ үзүүлэлт 25-100 мг байна.
Электрон тамхины үндсэн найрлага болох Glycerol болон Propylene glycol нь чихэрлэг амттай, өнгөгүй шингэн бөгөөд хүнс, эм, entertainment үйлдвэрлэл гэх мэтээр маш өргөн хэрэглээтэй. Гэвч эдгээр бодисууд нь 2150С-с дээш хэмд халахаараа хүний биед хавдар үүсгэдэг Formaldehyde, Acetaldehyde, Acrolein болон задардаг. (энэ талаар олон улсын эрдэмтэд судалгаанууд байдаг ба энэ АНУ-ын California-н Их Сургуулийн эрүүл мэндийн тэнхим болон анагаахын сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл байна.)
Glycerol, Propylene glycol эсвэл эдгээрийн холимог эсвэл дангаараа электрон тамхины шингэний үндсэн найрлага бөгөөд бүх е-тамхинд найрлагад байгаа.