Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэдийг “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагналаа.
Тэрбээр гаалийн байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа гаалийн газар хороодын байцаагчаас эхлээд лабораторийн ахлах шинжээчээр, лабораторийн даргын албан тушаалыг хариуцлагатай хашиж буй нэгэн юм. Түүнчлэн гаалийн лабораторийн даргаар ажиллах хугацаандаа “Гаалийн лабораторийн тоног төхөөрөмж” анхны төслийг боловсруулан хэрэгжүүлж шинэ үеийн Гаалийн төв лабораторийн үндэс суурийг тавьж, эрдэс түүхий эдийн шинжилгээний чиглэлээр 14, Нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр 14 Нүүрсний шинжилгээний чиглэлээр 12 шинжилгээний аргачлалыг шинээр нэвтрүүлсэн юм.
Мөн Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах ажлыг удирдан зохион байгуулж ажилласны үр дүнд БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага/CNAS/-аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдсэн лабораторийн эрхийг аваад буй.
Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд цолоор шагнагдсанд баяр хүргэж, сайн сайхныг хүсье!