Дэлхийн гаалийн байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллага болох Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн 141/142 дугаар чуулган 2023 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Бельгийн Хаант улсын нийслэл Брюссель хотноо боллоо. Чуулганд ДГБ-ын 185 гишүүн орны гаалийн байгууллагын дарга нар оролцож, Монгол Улсаас Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван оролцлоо.
Энэхүү ээлжит чуулганыг ДГБ-ын дарга А Ал Калиф (Бахрейн Улсын гаалийн дарга) удирдан явуулж, 2022-2023 оны санхүүгийн жилд хийгдсэн ажлууд болох олон улсын стандартууд, бодлогын баримт бичгүүд, практик зөвлөмжүүдийг хянан үзэж, хэлэлцэж баталсан байна. Үүнд чадавхыг бэхжүүлэх асуудал, гарал үүсэл, үнэлгээ, барааны ангилал, хууль сахих, сахиулах, худалдааг хөнгөвчлөх асуудал, мөн түүнчлэн төсөв, санхүүгийн асуудлууд хамаарч байна.
Мөн 2022-2025 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг авч хэлэлцэн, технологи ба инновац, ногоон гааль, засаглал ба үүрэг хариуцлага (Governance and Accountability)-ын асуудалд онцгой анхаарал хандуулжээ.