Дэлхийн гаалийн байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллагын 141/142 дугаар чуулганаар Дэлхийн гаалийн байгууллагын дарга, бүс нутаг хариуцсан дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинээр томилох сонгууль боллоо.
ДГБ-ын даргаар Өмнөд Африкийн БНУ-ын гаалийн дарга Эдвард Кисветтер, Ази, Номхон далайн бүс нутгийг 2024-2026 онд хариуцах дэд даргаар Хонконг (Хятад)-ын гаалийн дарга, хатагтай Louise Ho Pui-shan нар тус тус сонгогджээ. Өмнөх 2 жилд Австрали улсын гаалийн дарга энэ албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ДГБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар АНУ-аас нэр дэвшигч Иан (Ян) Сондерс (Mr. Ian Saunders) сонгогдсон байна. Дашрамд дурдахад, 4 болон 6 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга нь мөн АНУ-ын нэр дэвшигч байсан юм.
Ази, Номхон далайн бүс нутгаас Бодлогын комисст Япон улс, Аудитын хороонд Шинэ Зеланд улс тус тус шинээр нэр дэвшин оров.
Энэхүү чуулганы үеэр Гамби улс Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн конвенцод нэгдэн орох баримт бичгээ ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулснаар уг конвенцын 134 дэх Хэлэлцэн тохирогч тал боллоо.
Чуулганы үеэр дараах 3 санамж бичигт холбогдох талууд гарын үсэг зуржээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсад Чадавхыг бэхжүүлэх бүс нутгийн төв байгуулах явдлыг албажуулах тухай санамж бичиг
Австрали, Хонконг (Хятад), Индонези улсуудад Бүс нутгийн нохой сургалтын төвүүд байгуулах явдлыг хүлээн зөвшөөрөх тухай санамж бичиг
Энэтхэг Улсад Бүс нутгийн гаалийн лабораторийн мэргэжилтнүүдийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөх тухай санамж бичиг