Монгол Улсын ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ын консул, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жан Ян болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллага олон жилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Монгол, Хятад хоёр орны гадаад худалдаа өргөжиж, хоёр орны иргэдийн харилцан зорчих нэмэгдэж буйг тус уулзалтаар онцлон тэмдэглээд, үүнтэй холбогдуулан зорчигчийн ачаа тээшийг холбогдох хууль журмын дагуу харилцан саадгүй нэвтрүүлж, зарим бараа бүтээгдэхүүн, ачаа барааны нэвтрэлтийг сайжруулж холбогдох хууль тогтоомжийг өөр өөрийн улсын ард иргэдэд сурталчлахаар болсон байна.
Мөн ойрын жилүүдэд хоёр улсын гадаад худалдааны статистикийн мэдээлэл солилцох явцад Монгол Улсын экспортын мэдээлэлд БНХАУ-аас импортлохыг хориглосон бараа байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа ба үүнтэй холбогдуулан талууд өөр өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу хориглосон хязгаарласан барааны жагсаалтыг гаргаж харилцан солилцохоор боллоо.
Хоёр улсын гаалийн зөрчилтэй тэмцэх холбогдох нэгжээс эрсдэл өндөртэй гэж үзэж байгаа бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг тусгайлан томилсон холбоо баригчаар дамжуулан цаг тухайд нь солилцож байхаар тохирсон байна.
Үүнээс гадна БНХАУ-ын гаалийн хэрэг зөрчил, хууль бус наймаатай тэмцэх нэгж буюу Гаалийн цагдаагийн газар нь БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яаманд чиг үүрэг бүхлээрээ шилжсэн талаар хятадын талаас тусгайлан танилцуулсан байна.