Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Баясгалан, Сургалтын төвийн Гаалийн улсын ахлах байцаагч Л.Олонбаяр, Ч.Эрдэнэбат нар өнөөдөр (2023-05-12) ХААИС-ийн удирдлага, багш, оюутнуудтай уулзлаа.
Гаалийн байгууллагын хүний нөөцийн сул орон тоог мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй мэргэжилтнүүдээр хангах зорилгын хүрээнд шаардлагатай индексээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр тус сургуультай хамтран ажиллахаар болсон байна.
Уулзалтад тус сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Хүнсний чанар-аюулгүй байдал хөтөлбөрийн ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ, Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэл зүй, Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ, Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд оролцож мэдээлэл авсан юм.
Цаашид Гаалийн байцаагч нарын давтан болон мэргэшүүлэх сургалтыг Мах, махан бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал, Сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал, Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний, эрүүл ахуй, аюулгүй байдал, Далайн гаралтай бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал, Хүнсний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт, Орчны бохирдол, эрүүл ахуй, түүнд тавих хяналт, Хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, эрүүл ахуй, аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургалт явуулах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн Гаалийн байгууллагын сургалтын төвөөс тус мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг дадлагажуулах, хамтарсан шинжилгээний арга зүй боловсруулах, туршлага солилцох, Гаалийн төв лабораторид дадлагажуулах, гаалийн хяналт шалгалтын арга, хэлбэр, онцлог анхаарах шаардлагатай бусад зүйлсийн чиглэлээр сургалт зохион байгуулж хамтран ажиллахаар болсон байна.