Гаалийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, ашиг сонирхлын эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүр тулсан харилцааг бууруулах зорилгоор бүх төрлийн үйлчилгээгээ шат дараатайгаар цахимжуулах ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар Замын-Үүд, Улаанбаатар хот дахь гаалийн газрын нийт албан хаагчдын ажил үүргийн 15 хоног, нэг сар тутмын хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх программ хангамжийг бүрэн нэвтрүүллээ.
Тодруулбал, өмнө нь албан хаагчдын ажил үүргийн хуваарыг дарга нь хийхээс гадна, ил тод нээлттэй, шудрага явагддаг эсэх дээр нэлээдгүй хэл ам гардаг байсан. Энэ нь нэг талдаа ашиг сонирхлыг дагуулдаг гэх шүүмжлэл, гомдол санал ирдэг байсан бол ГЕГ-аас энэ оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт, 05 дугаар сарын 01-ээс эхлэн Замын-Үүд дэх гаалийн газарт албан хаагчдын 15 хоног, 1 сар тутмын ажлын хуваарыг хүний оролцоогүй цахимжуулах ажлыг нэвтрүүллээ.
Ингэснээр албан хаагчдын ажил үүргийн хуваарь, томилгоог нээлттэй, ил тод байлгах, нүүр тулсан харилцааг бууруулж, авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.