БНСУ-ын “Гаалийн Долоо Хоног 2023” уулзалтын үеэр ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал БНСУ-ын Гаалийн дарга Юн Тэшигтэй албан ёсны уулзалт хийлээ (2023.04.27) Уулзалтаар “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх; Мэдээллийн дүн шинжилгээ болон эрсдэлийн удирдлагын модулийн талаар хамтран ажиллах; Хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын уулзалтыг товлох” талаар харилцан санал солилцсон.
Монголын талаас ИААН-ийг харилцан зөвшөөрөх хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн дүн шинжилгээ болон эрсдэлийн удирдлага, сургалт судалгаа, эрэлч нохойн сургалт болон бусад чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал гаргасан байна. БНСУ-ын тал Монголын саналыг хүлээн авч, тус улсын Гаалийн байгууллагын өнөөгийн түвшинд хүрсэн туршлага, мэргэшсэн чиглэл, ялангуяа шинэ технологийг хилийн хяналтад ашиглах, эрсдэлийн удирдлагын загвар, сургалт, судалгаа, бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Талууд хоёр орны Гаалийн байгууллагын дарга нарын дээд хэмжээний 10 дугаар уулзалт хийх товыг албаны шугамаар санал солилцож БНСУ-д энэ ондоо багтаан хийхээр тохиролцлоо.