Манай улс хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 50 орчим хувийг гадаад орнуудаас импортолж байна. 2022 онд 1.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдаж авсан нь нийт импортын 13-14 хувийг эзэлж байна.
Импортыг орлох, цаашлаад экспортлох боломжтой болох гол үүргийг гүйцэтгэх хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг гаалийн байгууллагын зүгээс бүх талаар дэмжиж “Боомтын сэргэлт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлууд, Гаалийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомтууд дээр салбар лабораториудыг шинээр байгуулах, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах, хялбаршуулах, хөнгөвчлөх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.
Монгол Улс 2015 онд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж 5900 нэр төрлийн бараа, 2020 онд Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш, Хятад улстай 366 нэр төрлийн барааны гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохиролцсон. Уг хэлэлцээрийн дагуу манай улсаас Япон улсад экспортолж буй 660 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, АНДХХ-т нэгдсэн дээрх улсуудад 179 нэр төрлийн хүнсний бараанд импортын гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлж байна.
Мөн 2021 оны 04-р сарын 23-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль, Засгийн газрын 2021 оны 05-р сарын 12-ны өдрийн 143 дугаар тогтоолоор “Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсан. Энэ хуулийн хүрээнд: 2021 онд 187 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж 28,5 сая долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 12,5 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагджээ. 2022 онд 189 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж 44,1 сая долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 14,6 тэрбум төгрөгийн ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДСАН. Энэ хууль 2025 оны 01 дүгээр сарын 01 хүртэл үйлчлэх бөгөөд ШИНЭ трактор, комбайн, машин механизм, техник, тоног төхөөрөмж байхаар хуульчилжээ.