ГЕГ-ын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх бодлого, зорилтын хүрээнд АНУ-ын Төрийн Департмент, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны санаачлага, дэмжлэгтэйгээр ГЕГ, ХХЕГ болон ДХИС-иийн 12 алба хаагч “Хил дамнасан хууль бус бараа, эд зүйлийн эргэлтийг таслан зогсоох арга зүй” сэдэвт сургалтанд амжилттай хамрагдлаа.
АНУ-ын Техас мужийн Эл Пасо хотод зохион байгуулагдсан сургалтаар тус улсын Гааль, хилийн аюулгүй байдлын албанаас хэрэгжүүлдэг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, хил хамгаалах, хилийн харуулын албаны үйл ажиллагаа, гаалийн хяналт, шалгалт, хууль сахиулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга ажиллагаа, тактик, технологи ажиллагааны шат дараалал, ашиглагдаж буй дэвшилтэт техник тоног төхөөрөмжтэй танилцаж, туршлага судаллаа.
Хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, тэсрэх бодис, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, стратегийн болон хоёрдмол зориулалттай барааны хяналтыг хэрэгжүүлэх, гаалийн хяналт шалгалтын арга тактикийг сонгож, хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан тус сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллийг монголын гаалийн байгууллагын алба хаагчдад хүргэх, гаалийн хяналт, бүрдүүлэлт, зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр харьяа гаалийн газар, хороодод дадлага сургуулилт зохион байгуулахаар төлөвлөж байна.