АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны төлөөлөгч Майкл Ахерн, Филип Хартшорн, Лана Воробек болон АНУ-ын Элчин сайдын яамны мөрдөх ажил хариуцсан атташе, дэд консул Роберт Куденкауф, ахлах ажилтан П.Даваажаргал нар Гаалийн ерөнхий газарт 2023 оны 03-р сарын 01-ний өдөр зочлон тус газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.
Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар, тус хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Н.Түмэнбаатар нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзан монголын гаалийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, сүүлийн үеийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцов.
Талууд монголын гаалийн байгууллагын хар тамхитай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох, алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр АНУ-ын Хар тамхитай тэмцэх алба, Гааль, хилийн аюулгүй байдлын албатай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэх асуудлаар санал солилцож, харилцан ойлголцолд хүрлээ.