НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, БНСУ-ын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Гадаад харилцааны яам хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г 2022 онд хийсэн.
Энэхүү үнэлгээ нь төр, хувийн хэвшлийг оролцуулан “Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ болон цахим арилжааны стратегийн томьёолол; Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтэц, үйлчилгээ; Худалдааны ложистик, худалдааг хөнгөвчлөх; Төлбөрийн шийдэл; Хууль эрх зүй ба зохицуулалтын хамрах хүрээ; Цахим худалдааны ур чадварын хөгжүүлэлт; Санхүүжилтийн хүртээмж” гэсэн бодлогын чиглэлээр танилцуулга хийж харилцан ярилцаж, санал асуулга авч, тайланг баталгаажуулах уулзалтыг 2023 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Цахим уулзалтад Гадаад харилцааны яам, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Гаалийн ерөнхий газар, Монголбанк, гадаад, дотоод худалдаа, тээвэр, банк, санхүүгийн салбарын 58 орчим төлөөлөлөгчид оролцож “Цахим үнэлгээний тайлан”-тай холбоотой санал бодлоо илэрхийлсэн байна.
“Цахим үнэлгээний тайлан”-нд 7 бодлогын чиглэлээр сайжруулах 91 арга хэмжээг төлөвлөн тэдгээрийн тэргүүлэх ач холбогдлыг “өндөр, дунд” гэсэн үнэлгээгээр гаргасан. Гаалийн ерөнхий газрын төлөөлөл “Худалдааны ложистик, худалдааг хөнгөвчлөх” бодлогын асуудал хэсгийн модератороор ажилласан юм. Нийт арга хэмжээний дөрөвний нэг буюу 22 арга хэмжээг хэрэгжүүлэхэд гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцох юм.
Монгол Улсын “Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хэлэлцүүлгийн үр дүнгээр баталгаажуулж, 2023 оны 2 дугаар улиралд хөгжлийн түншлэгч байгууллагыг оролцуулсан арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.