Төрийн албаны зөвлөлийн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг үнэлэх, зөвлөн туслах, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөл Гаалийн ерөнхий газар, зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын дарга, ахлах байцаагч болон харьяа гаалийн газар хороодын албан хаагч нартай уулзаж, сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн доктор, профессор С.Цэдэндамба “Монгол Улсын төрийн албан хаагчийн эрхэмлэл: Уламжлал ба өнөө үе” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдын ёс зүй, манлайлал, эрх хэмжээний талаар Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар хороодын 250 гаруй албан хаагчдад танхимаар болон цахимаар сургалт зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгийн гишүүд нь гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, алба хаагчдын нийгмийн асуудал, ажлын гүйцэтгэл, ёс зүйн чиглэлээр шалган зааварлах, зөвлөн туслах чиглэлээр 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Гаалийн ерөнхий газарт ажиллах юм.
Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн албан хаагчдын санал хүсэлт болон гаалийн үйлчилгээний талаар иргэн, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн purevdagva@csc.gov.mn цахим хаяг болон бичгээр 2023 оны 2 дугаар сарын 5-ныг дуустал хүлээн авч байна. Таны санал Төрийн албаны зөвлөлийн зөвлөн туслах үйл ажиллагааг гаалийн байгууллагад хэрэгжүүлж үйл ажиллагаа, хүний нөөц, албан хаагчдын нийгмийн асуудал, ажлын гүйцэтгэл, ёс зүйн чиглэлээр хийх цаашдын ажилд тусгагдах, аливаа асуудалд тодорхой шийдэл гаргахад чухал ач холбогдолтой болно.
Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал ажлын хэсгийн гишүүдэд ГЕГ-ын үйл ажиллагаа, Гаалийн шуурхай хяналт, удирдлагын төв болон Гаалийн төв лабораторийн шинэ бүтээн байгуулалт, үйл ажиллагааг товч танилцуулсан байна.