АНУ-ын Төрийн Департментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөр (EXBS)-ийн бүс нутаг хариуцсан менежер Диана Марвин (Diana Marvin) НҮБ-ын 1540 тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын үндэсний төлөвлөгөөний арга хэмжээнүүдийг эрэмбэлэх үндэсний хэлэлцүүлэгт оролцохоор 12 сарын 6-9-ний хооронд Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. EXBS хөтөлбөр нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр улс орнуудын худалдаа, хилийн хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг хөтөлбөр бөгөөд Монгол Улсад олон жилийн турш энэ чиглэлээр сургалт, хүний нөөц бэлтгэх зэрэг техникийн туслалцаа болон тоног төхөөрөмжийн туслалцаануудыг үзүүлсээр ирсэн байна. Хатагтай Диана Марвин нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ГЕГ-т зочилж, Монгол Улсын Гаалийн байгууллагын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, Монгол улсын гаалийн хяналт шалгалтын системд тулгарч буй эрсдэлүүд, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалтын үеэр АНУ-ын Төрийн Департментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөр (EXBS)-ийн зүгээс “CIT 40” 2 ширхэг гаалийн хяналт шалгалтын зөөврийн гар тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад хүлээлгэн өгөв.