НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурлаас “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо: Глобал форум”-ыг 2022 оны 2 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү Глобул форумд НҮБ-ын Нарийн бичгийн дэд дарга, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын худалдааны төв, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн банк групп, Худалдааг хөнгөвчлөх олон улсын холбоо зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар, НҮБ-ын гишүүн орны Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүд, олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээнд оролцогч төр, хувийн хэвшлийн 500 гаруй оролцогчид цахимаар хуран чууллаа.
Нээлтийн үеэр оролцогч илтгэгч нар цар тахлын үед Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороодын үйл ажиллагаа идэвхтэй байж, төр болон хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж, бичил, жижиг дунд үйлдвэр, эмэгтэй худалдаа эрхлэгчдийг дэмжих ач холбогдлын талаар дурдлаа.
Уг форумын илтгэгч нар КОВИД-19 цар тахлаас нөлөөлсөн худалдааны салбарыг сэргээх үе шатанд худалдааг хөнгөвчлөх нь нэн чухал ач холбогдолтой болох талаар санал нэгдсэн. Гаалийн байгууллагууд хил дээрх ёс журмын ажиллагааг хялбарчлах, стандартчилах, худалдааны ил тод, урьдчилан таамаглах нөхцөлийг бүрдүүлэх замаар хууль ёсны бизнесийг хөнгөвчлөх, улмаар эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой юм.
Форум дөрвөн өдөр, нээлт, хаалтыг оролцуулан найман үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж, “КОВИД-19 цар тахлын үеэр Худалдааг хөнгөвчлөх хэрэгжилтийн тойм; Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороог чадавхжуулах бодит шийдэл, арга барил; Худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн хэрэгжилтийг хэмжих, хяналт тавих; Худалдааг хөнгөвчлөх бодлогод жендерийн тэгш байдлыг дэмжих нь; Шинээр үүсч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны үүрэг оролцоо: Хялбарчилсан горим журам, хил дамнасан хамтын ажиллагаа болон цахим худалдаа; Дижитал худалдааг хөнгөвчлөх шийдлүүдэд Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны гүйцэтгэх үүрэг; Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороодын хямралын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвийн хүрээнд 26 төрлийн танилцуулгыг 24 улс орны Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Худалдаа, эдийн засгийн яам, гаалийн байгууллага, зарим олон улсын төрөлжсөн байгууллагаас танилцуулсан.
Энэхүү форумыг дэлхийн хэмжээнд түгээх зорилгоор бүлэг сэдэв тус бүрийн хүрээнд танилцуулсан илтгэлийг мультимедиа хэлбэрээр зурж, тухай бүр нь YOUTUBE сувгаар олон нийтэд түгээсэн нь бас нэгэн онцлог байлаа.
Монголын гаалийн байгууллагаас “Цар тахлын үед худалдааг хөнгөвчлөх нь: Монгол Улсын авч хэрэгжүүлсэн дижитал арга хэмжээ” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, ололт, амжилт, хүндрэлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаалийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг танилцууллаа.