-+=
                                                             2.БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМИЙН

 ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

 

1983 оны 6 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж,

1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон

 

УДИРТГАЛ

 

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн ивээл дор байгуулагдсан энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Талууд,

 

олон улсын худалдааг хөнгөвчлөхийг хүсэж,

 

статистик мэдээлэл, нэн ялангуяа олон улсын худалдааны статистик мэдээлэл цуглуулах, харьцуулах болон дүн шинжилгээ хийх явдлыг хөнгөвчлөхийг хүсч,

 

олон улсын худалдаанд барааны ангиллын нэг системээс нөгөөд шилжих явцад түүнийг дахин тодорхойлох, ангилах болон кодлохтой холбогдон гарч буй зардлыг багасгах, түүнчлэн худалдааны баримт бичгийг стандартчилах болон мэдээлэл дамжуулах ажиллагааг хөнгөвчлөхийг хүсч,

 

технологийн хөгжил болон олон улсын худалдааны төлөв байдалд гарч буй өөрчлөлт нь 1950 оны 12-р сарын 15-ны өдөр Брюссель хотноо үйлдсэн Барааг гаалийн тарифт ангилах жагсаалтын тухай конвенцийг өргөн цар хүрээтэй болгон шинэчлэхийг шаардаж буйг харгалзаж,

 

гаалийн болон статистик мэдээллийн зориулалтаар Засгийн газар болон худалдааны эрх ашгийн үүднээс шаардаж буй үзүүлэлт нь дээр дурьдсан конвенцийн хавсралт жагсаалтаас хол давсныг харгалзаж,

 

олон улсын худалдааны хэлэлцээ хийхэд үнэн зөв, харьцуулах боломжтой мэдээлэл чухал болохыг харгалзаж,

 

Уялдуулсан систем нь ачаа тээврийн тариф болон тээвэр үйлчилгээний статистик мэдээллийг тээврийн янз бүрийн төрлөөр гаргахад ашиглах зориулалттай гэж үзэж,

 

Уялдуулсан систем нь барааг тодорхойлох, кодлох худалдааны системд аль болох өргөн хүрээнд нэвтрүүлэх зориулалттай гэж үзэж,

 

Уялдуулсан систем нь худалдааны импорт, экспортын статистик мэдээ болон үйлдвэрлэлийн статистик мэдээг хооронд нь аль болох нягт уялдуулан холбох явдлыг хөхиүлэн дэмжих зориулалттайг харгалзаж,

 

Уялдуулсан систем болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын худалдааны стандарт ангилал (ОУХСА) нь хоорондоо нягт уялдаа холбоотой байх ёстой гэж үзэж,

 

дээр дурдсан хэрэгцээ шаардлагыг олон улсын худалдаанд холбогдол бүхий янз бүрийн ашиг сонирхлын үүднээс ашиглахад тохиромжтой тариф/статистикийн нэгдсэн жагсаалт гаргах замаар хангах хүсэлтэй байгааг харгалзаж,

 

Уялдуулсан систем нь технологийн хөгжил, эсхүл олон улсын худалдааны төлөв байдалд гарч буй өөрчлөлтийн дагуу тухай бүр шинэчлэгдэж байх боломжоор хангахын чухлыг харгалзаж,

 

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлөөс байгуулсан Уялдуулсан системийн хорооноос энэ чиглэлд хийж гүйцэтгэсэн ажлыг анхааралдаа авч,

 

дээр дурдсан жагсаалтын тухай конвенц нь эдгээр зорилтын заримыг хэрэгжүүлэхэд үр ашигтай байсан хэдий ч энэ чиглэлээр хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сайн арга зам нь олон улсын шинэ конвенц байгуулах явдал мөн гэдгийг харгалзан үзэж,

 

дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:

 

1 дүгээр зүйл

Тодорхойлолт

 

Энэ конвенцийн зорилгоор:

(a)        “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” (цаашид “Уялдуулсан ситем” гэх) гэж энэ конвенцид хавсаргасан, зүйл болон мөр, мөн тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон Уялдуулсан системийн тайлбар дүрмийг;

 

(b)        “Гаалийн тарифын жагсаалт” гэж импортын бараанд гаалийн татвар ногдуулах зорилгоор Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талын хууль тогтоомжоор тогтоосон жагсаалтыг;

 

(c)        “Статистикийн Жагсаалт” гэж худалдааны импорт, экспортын   статистик мэдээ гаргах зорилгоор мэдээлэл цуглуулах үүднээс Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талаас тогтоосон барааны жагсаалтыг;

 

(d)        “Тариф/статистикийн нэгдсэн жагсаалт” гэж барааг импортлох үед мэдүүлэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талаас хууль ёсоор шаарддаг гаалийн тарифын болон статистикийн нэгтгэсэн жагсаалтыг;

 

(e)        “Зөвлөл байгуулах тухай конвенц” гэж 1950 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Брюссель хотноо үйлдсэн Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн тухай конвенцийг;

 

(f)         “Зөвлөл” гэж өмнөх (e) заалтад дурдсан Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийг;

 

(g)        “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Зөвлөлийн Ерөнхий нарийн   бичгийн даргыг;

 

(h)        “Соёрхон батлах” гэж соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахыг хэлнэ.

 

2 дугаар зүйл

Хавсралт

 

Энэ конвенцийн хавсралт тус конвенцийн салшгүй хэсэг болох бөгөөд уг конвенцоос хийсэн ишлэл түүний хавсралтад нэг адил хамаарна.

 

3 дугаар зүйл

Хэлэлцэн тохиролцогч Талуудын хүлээх үүрэг

 

1.    4 дүгээр зүйлд тусгайлан заасныг баримтлан :

(a)  Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ заалтын (с)-д зааснаас бусад тохиолдолд тухайн улсын хувьд энэ конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс өөрийн гаалийн тарифын болон статистикийн жагсаалтаа Уялдуулсан системд нийцүүлсэн байх үүрэг хүлээнэ. Ингэснээр тухайн улс өөрийн гаалийн тарифын болон статистикийн жагсаалтын хувьд дараах үүрэг хүлээнэ:

(i)            Уялдуулсан системийн бүх зүйл болон мөрийг тэдгээрийн тоон кодын хамт нэмэлт, өөрчлөлтгүйгээр хэрэглэх;

(ii)          Уялдуулсан системийн тайлбар дүрэм, бүх хэсэг, бүлэг, мөрийн тайлбарыг хэрэглэх бөгөөд Уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл, эсхүл мөрийн үйлчлэх хүрээг өөрчлөхгүй байх; мөн

(iii)         Уялдуулсан системийн тогтоосон дарааллыг баримтлах;

 

(b)  Хэлэлцэн тохиролцогч Тал бүр худалдааны импорт, экспортын статистик мэдээг Уялдуулсан системийн 6 оронгийн кодоор, эсхүл худалдааны нууцлалыг хамгаалах, эсхүл үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шалтгаанаар хэвлэн нийтлэхийг хориглоогүй тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч тухайн Талын санаачилгаар түүнээс ч илүү нарийвчилсан түвшингээр гаргаж нийтийн хүртээл болгоно;

 

(c)  Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал тариф/статистикийн жагсаалтдаа өмнөх (а)(i), (a)(ii), (a)(iii)-д заасныг дагаж мөрдсөн бол Гаалийн тарифын жагсаалтдаа Уялдуулсан системийн мөр хэрэглэхийг энэ зүйлээр шаардахгүй.

2.    Хэлэлцэн тохиролцогч Тал бүр энэ зүйлийн 1(а)-д заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Уялдуулсан систем хүчин төгөлдөр үйлчлэхэд шаардлагатай зохицуулалтыг дотоодын хууль тогтоомждоо тусгаж болно.

3.    Энэ зүйлийн заалт нь хэрэв Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал энэ конвенцийн хавсралтад дурдсан 6 оронгийн кодоос илүү нарийвчилсан задаргааг нэмж, кодолж байгаа бол өөрийн гаалийн тарифын, эсхүл статистикийн жагсаалтад барааг Уялдуулсан системийн түвшингээс тийнхүү илүү нарийвчилан ангилах явдлыг үгүйсгэхгүй.

 

4 дүгээр зүйл

Хөгжиж буй улс хэсэгчлэн хэрэглэх нь

 

1.    Хөгжиж буй улс болох Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал өөрийн олон улсын худалдааны төлөв байдал, эсхүл байгууллагын нөөц бололцоог харгалзан үзэж Уялдуулсан системийн бүх, эсхүл зарим мөрийг хэрэглэх явдлыг шаардлагатай гэж үзсэн хугацаагаар хойшлуулж болно.

 

2.    Энэ зүйлийн дагуу Уялдуулсан системийг хэсэгчлэн хэрэглэхээр шийдвэрлэсэн хөгжиж буй улс болох Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал Уялдуулсан системийн 6 оронтой кодыг тухайн Талын хувьд энэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн дотор, эсхүл энэ зүйлийн 1 дэх заалтын дагуу шаардлагатай гэж үзсэн түүнээс хойшхи хугацаанд бүтнээр нь хэрэглэхийн төлөө өөрийн бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллахыг хүлээн зөвшөөрч байна.

 

3.    Энэ зүйлийн дагуу Уялдуулсан системийг хэсэгчлэн хэрэглэхээр шийдвэрлэсэн хөгжиж буй улс болох Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал аливаа нэг-зураас бүхий мөрийн хоёр-зураас бүхий бүх мөрийг, эсхүл аливаа зүйлийн нэг-зураас бүхий бүх мөрийг бүтнээр нь хэрэглэнэ, эсхүл бүхэлд нь хэрэглэхгүй. Ийнхүү хэсэгчлэн хэрэглэх тохиолдолд Уялдуулсан системийн хэрэглэхгүй үлдээсэн кодын 6 дахь, эсхүл 5 болон 6 дахь оронгийн тоог “0”, эсхүл “00”-ээр тус тус орлуулж тэмдэглэнэ.

 

4.    Энэ зүйлийн дагуу Уялдуулсан системийг хэсэгчлэн хэрэглэхээр шийдвэрлэсэн хөгжиж буй аль нэг улс Хэлэлцэн тохиролцогч Тал болох үедээ тухайн улсын хувьд энэ конвенц хүчин төгөлдөр болсон өдөр хэрэглэхгүй байх мөрийн талаар Ерөнхий нарийн даргад мэдэгдэнэ, мөн түүнээс хойшхи хугацаанд хэрэглэх мөрийн талаар мөн Ерөнхий нарийн даргад мэдэгдэнэ.

 

5.    Энэ зүйлийн дагуу Уялдуулсан системийг хэсэгчлэн хэрэглэхээр шийдвэрлэсэн хөгжиж буй аливаа улс Хэлэлцэн тохиролцогч Тал болох үедээ Уялдуулсан системийн 6 оронтой кодыг бүтнээр нь тухайн улсын хувьд энэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэрэглэх үүргийг албан ёсоор хүлээж байгаа талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно.

 

6.    Энэ зүйлийн заалтын дагуу Уялдуулсан системийг хэсэгчлэн хэрэглэхээр шийдвэрлэсэн хөгжиж байгаа аливаа улс хэрэглэхгүй байгаа мөрийн хувьд 3 дугаар зүйлийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөнө.

 

5 дугаар зүйл

Хөгжиж буй улсад үзүүлэх техникийн туслалцаа

 

Хөгжингүй улс болох Хэлэлцэн тохиролцогч Талууд хүсэлт гаргасан хөгжиж буй улсад харилцан тохиролцсон нөхцөлөөр, тухайлбал, боловсон хүчин бэлтгэх, тэдний жагсаалтыг Уялдуулсан систем рүү шилжүүлэх ажилд, түүнчлэн тэдний системд Уялдуулсан системийн нэмэлт, өөрчлөлтийг тусгах, эсхүл энэ конвенцийн заалтыг мөрдөх явцад зөвлөлгөө өгөх асуудлаар техникийн туслалцаа үзүүлнэ.

 

6 дугаар зүйл

Уялдуулсан системийн хороо

 

1.    Энэ конвенцийн үндсэн дээр Хэлэлцэн тохиролцогч Тал бүрийн төлөөлөгчдөөс бүрдсэн Уялдуулсан системийн хороо хэмээх Хороог байгуулна.

 

2.    Хороо ердийн нөхцөлд жил тутам хоёроос доошгүй удаа хуралдана.

 

3.    Хорооны хуралдааныг Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулах бөгөөд Хэлэлцэн тохиролцогч Талууд өөрөөр шийдвэрлээгүй бол Зөвлөлийн төв байранд явуулна.

 

4.    Уялдуулсан системийн хороонд Хэлэлцэн тохиролцогч Тал  бүр нэг санал өгөх эрхтэй байна.  Харин гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо гэж байх бөгөөд түүний нэг, эсхүл хэд хэдэн гишүүн улс энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болсон тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч тэдгээр Тал энэ конвенцийн зорилгоор, мөн хойшид байгуулагдах аливаа конвенцид хохирол учруулалгүйгээр хамтдаа зөвхөн нэг л саналын эрхтэй байна. Үүний нэгэн адил 11 зүйлийн (b) заалтын дагуу Хэлэлцэн тохиролцогч Тал болох эрхтэй гаалийн, эсхүл эдийн засгийн холбооны бүх гишүүн улс энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болсон бол тэдгээр нь хамтдаа зөвхөн нэг л саналын эрхтэй байна.

 

5.    Уялдуулсан системийн хороо нь хорооныхоо дарга болон нэг, эсхүл хэд хэдэн орлогчийг өөрөө сонгоно.

 

6.    Хороо нь өөрийн дэгийг гишүүдэд ногдох саналын гуравны хоёроос доошгүй хувийн шийдвэрээр гаргана. Ийнхүү гаргасан дэгийг Зөвлөл батална.

 

7.    Хороо нь өөрийн ажилд ажиглагчаар оролцуулах нь зүйтэй гэж үзсэн Засгийн газар хоорондын, эсхүл олон улсын бусад байгууллагыг урина.

 

8.    Хороо нь, ялангуяа, 7 дугаар зүйлийн 1(а) заалтыг харгалзан үзэж шаардлагатай бол салбар хороо, эсхүл ажлын хэсэг байгуулах бөгөөд уг салбар хороо, эсхүл ажлын хэсгийн гишүүнчлэл, саналын эрх болон дэгийг тодорхойлно.

 

7 дугаар зүйл

Хорооны гүйцэтгэх ажил үүрэг

 

1.    Уялдуулсан системийн хороо нь 8 дугаар зүйлийн заалтыг харгалзан үзэж дараах ажил үүргийг гүйцэтгэнэ:

(a)  ялангуяа, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага болон технологийн хөгжил буюу олон улсын худалдааны төлөв байдалд гарч буй өөрчлөлтийг харгалзан үзэж, энэ конвенцид оруулах шаардлагатай гэж үзсэн өөрчлөлтийг санал болгох;

(b)  тайлбар бичиг, Ангиллын санал дүгнэлт, эсхүл Уялдуулсан системийг тайлбарлахад чиглэл болгон ашиглах зориулалттай бусад заавар зөвлөмжийн төсөл боловсруулах;

(c)  Уялдуулсан системийг нэг мөр тайлбарлах, хэрэглэх явдлыг хангахад чиглэсэн зөвлөмжийн төсөл бэлтгэх;

(d)  Уялдуулсан системийг хэрэглэхтэй холбогдсон мэдээллийг эмхэтгэн цэгцэлж тараах;

(e)  Хэлэлцэн тохиролцогч Талууд, Зөвлөлийн гишүүд, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн Засгийн газар хоорондын, эсхүл олон улсын бусад байгууллагад өөрийн санаачилгаар, эсхүл тэдний хүсэлтээр Уялдуулсан системийн барааны ангилалтай холбогдсон аливаа асуудлаар мэдээлэл, эсхүл чиглэл өгөх;

(f)    өөрийн үйл ажиллагааны талаар, түүний дотор санал болгож буй нэмэлт, өөрчлөлт, тайлбар бичиг, ангиллын санал дүгнэлт болон бусад заавар зөвлөгөөний талаар Зөвлөлийн чуулган бүрт тайлагнах;

(g)  Уялдуулсан системтэй холбогдуулан Зөвлөлөөс, эсхүл Хэлэлцэн тохиролцогч Талуудаас шаардлагатай гэж үзсэн бусад бүрэн эрх, ажил үүргийг хэрэгжүүлэх.

2.    Уялдуулсан системийн хорооны захиргаа, аж ахуйн шинжтэй бөгөөд төсөв хөрөнгө шаардсан асуудлаар гаргах шийдвэрийг Зөвлөл батална.

 

8 дугаар зүйл

Зөвлөлийн гүйцэтгэх үүрэг

 

1.     Зөвлөл энэ конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулахаар Уялдуулсан системийн хорооноос бэлтгэсэн саналыг хянан үзэж, хэрэв энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох Зөвлөлийн аливаа нэг гишүүн тухайн саналыг, эсхүл түүний аль нэг хэсгийг дахин нягтлан шалгуулахаар Уялдуулсан системийн хороонд буцаах хүсэлт гаргаагүй бол 16 дугаар зүйлд заасны дагуу Хэлэлцэн тохиролцогч Талуудад хэрэгжүүлэхийг зөвлөнө.

2.     Уялдуулсан системийн хорооны чуулганы явцад 7 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу бэлтгэсэн тайлбар бичиг, ангиллын санал дүгнэлт, Уялдуулсан системийг хэрхэн тайлбарлах тухай бусад заавар зөвлөгөө, түүнчлэн Уялдуулсан системийг нэг мөр тайлбарлах, хэрэглэх явдлыг хангахад чиглэсэн зөвлөмжийг хэрэв энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал тухайн асуудлыг Зөвлөлөөр оруулах хүсэлтэй байгаа тухайгаа дээрх чуулган хаагдсан сарын дараах сар дуусахаас өмнө Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдээгүй бол Зөвлөл баталсан гэж үзнэ.

3.     Хэрэв асуудлыг энэ зүйлийн 2 дахь заалтын дагуу Зөвлөлөөр оруулсан бол Зөвлөл холбогдох тайлбар бичиг, ангиллын санал дүгнэлт, бусад заавар зөвлөгөө, эсхүл зөвлөмжийг хэрэв энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох Зөвлөлийн аливаа нэг гишүүн тэдгээрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг дахин нягтлан шалгуулахаар Уялдуулсан системийн Хороонд буцаах хүсэлт гаргаагүй бол батална.

9 дүгээр зүйл

Гаалийн татварын хувь хэмжээ

 

Хэлэлцэн тохиролцогч Талууд энэ конвенцийн дагуу гаалийн татварын хувь хэмжээтэй холбогдуулан ямар нэг үүрэг хүлээгээгүй болно.

 

10 дугаар зүйл

Маргаан шийдвэрлэх

 

1.    Энэ конвенцийг тайлбарлах, хэрэглэхтэй холбогдон Хэлэлцэн тохиролцогч Талуудын хооронд үүссэн аливаа маргааныг болж өгвөл хоорондоо хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ.

 

2.    Шийдвэрлэгдээгүй маргааныг уг маргаанд оролцогч Талууд Уялдуулсан системийн хороонд шилжүүлнэ. Хороо холбогдох маргааныг авч үзээд хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж гаргана.

 

3.    Хэрэв Уялдуулсан системийн хороо уг маргааныг шийдвэрлэж чадахгүй бол Хороо холбогдох асуудлыг Зөвлөлд өргөн мэдүүлнэ. Зөвлөл нь Зөвлөл байгуулах тухай конвенцийн 3 дугаар зүйлийн (е) хэсгийн дагуу зөвлөмж гаргана.

 

4.    Маргаанд оролцогч Талууд Хорооны, эсхүл Зөвлөлийн зөвлөмжийг заавал дагаж мөрдөхөөр хүлээн зөвшөөрөх талаар урьдчилан тохиролцож болно.

 

11 дүгээр зүйл

Хэлэлцэн тохиролцогч Тал болох боломжтой байдал

 

Дор дурдсан улс, эсхүл холбоо энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох боломжтой:

 

(a)  зөвлөлийн гишүүн улс;

(b)  энэ конвенцоор зохицуулсан зарим, эсхүл бүх асуудлаар гэрээ байгуулах эрх олгогдсон гаалийн, эсхүл эдийн засгийн холбоод; мөн

(c)  Зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаас гишүүнээр элсэх урилга илгээсэн аливаа бусад улс.

 

12 дугаар зүйл

Хэлэлцэн тохиролцогч Тал болох журам

 

1.    Хэлэлцэн тохиролцогч Тал болох боломжтой аливаа улс, гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо нь дараах байдлаар энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болж болно:

 

(a)  конвенцийг соёрхон батлах тухай тайлбар хийлгүйгээр түүнд гарын үсэг зурснаар;

(b)  конвенцийг соёрхон батлах тухай тайлбар хийж түүнд гарын үсэг зурсны дараа соёрхон баталсан баримт бичгээ хадгалуулснаар;

(c)  конвенцид гарын үсэг зурах нээлттэй хугацаа дууссаны дараа түүнд нэгдэн орсноор.

2.    Энэ конвенц 11 дүгээр зүйлд дурдсан улс, гаалийн, эсхүл эдийн засгийн холбоод 1986 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Брюссель хотноо байрладаг Зөвлөлийн төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна. Түүнээс хойш түүнд нэгдэн ороход нээлттэй болно.

3.    Соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

13 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

 

1.    Энэ конвенц өмнөх 11 дүгээр зүйлд дурдсан арван долоогоос доошгүй тооны улс, гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо соёрхон батлах тухай тайлбар хийлгүйгээр түүнд гарын үсэг зурсан, эсхүл соёрхон баталсан, нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш дор хаяж гурван сарын хугацаа өнгөрсний дараа эхний 1 дүгээр сарын 1-ний өдөр, гэхдээ 1988 оны 1 дүгээр сарын 1-нээс наашгүй хугацаанд хүчин төгөлдөр болно (Энэ заалтыг 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Брюссель хотноо байгуулсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн тухай олон улсын конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-оор өөрчлөн найруулсан).

 

2.    Энэ зүйлийн 1 дэх заалтад дурдсан тоо доод хязгаартаа хүрсний дараа соёрхон батлах тухай тайлбар хийлгүйгээр түүнд гарын үсэг зурсан, соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон аливаа улс, гаалийн, эсхүл эдийн засгийн холбооны хувьд энэ конвенц нь тэдгээр нь өөр эрт хугацаа заагаагүй бол соёрхон батлах тухай тайлбар хийлгүйгээр түүнд гарын үсэг зурсан, соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулснаас хойш дор хаяж арван хоёр сар болсны дараа, гэвч хорин дөрвөн сараас хэтрэхгүй хугацаа өнгөрөх хооронд тохиолдох 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болно. Гэвч энэ заалтын хүчин төгөлдөр болох хугацаа энэ зүйлийн 1 дэх заалтад дурдсан хүчин төгөлдөр болох хугацаанаас наашгүй байна.

 

14 дүгээр зүйл

Хараат нутаг дэвсгэр энэ конвенцийг мөрдөх

 

1.     Аливаа улс олон улсын харилцааг нь хариуцдаг бүх, эсхүл зарим нутаг дэвсгэрт нь энэ конвенц хамаарч байгаа гэдгийг өөрийн мэдэгдэлд нэр заан дурдаж, энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал болох үедээ, эсхүл түүнээс хойш аль ч хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл хүргүүлэх замаар тунхаглаж болно. Уг мэдэгдэл нь хэрэв түүнд өөр эрт хугацаа заагаагүй бол түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаас хойш дор хаяж арван хоёр сар болсны дараа, гэвч хорин дөрвөн сараас хэтрэхгүй хугацаа өнгөрөх хооронд тохиолдох 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болно. Гэвч энэ конвенц нь холбогдох улсын хувьд хүчин төгөлдөр болохоос өмнө тухайн нутаг дэвсгэрт хамаарахгүй.

2.     Энэ конвенц нь дурдсан нутаг дэвсгэрийн хувьд холбогдох Хэлэлцэн тохиролцогч Тал олон улсын харилцааг нь хариуцахаа  больсон өдөр, эсхүл 15 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн түүнээс өмнөх хугацаанд хүчингүй болно.

 

15 дугаар зүйл

Цуцлах

 

Энэ конвенцийг тодорхойгүй хугацаагаар байгуулсан болно. Гэвч, Хэлэлцэн тохиролцогч аливаа Тал энэ конвенцийг цуцалж болох бөгөөд уг цуцлалт нь хэрэв өөр хойшилсон хугацаа заагаагүй бол тийнхүү цуцалсан тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

 

16 дугаар зүйл

Нэмэлт, өөрчлөлт оруулах журам

 

1.     Зөвлөл энэ конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулахаар Хэлэлцэн тохиролцогч Талуудад санал тавьж болно.

2.     Хэлэлцэн тохиролцогч аль нэг Тал тийнхүү санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлтийн талаар эсрэг саналтай байгаа тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болох бөгөөд дараа нь энэ зүйлийн 3 дахь заалтад заасан хугацаанд уг эсрэг саналаа буцаан татаж болно.

3.     Санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлт нь түүний талаар Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэнээс хойш 6 сар болмогц, гэхдээ энэ хугацаанд ямар нэгэн эсрэг санал гараагүй тохиолдолд хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзнэ.

4.     Батлагдсан нэмэлт, өөрчлөлт нь Хэлэлцэн тохиролцогч бүх Талын хувьд дараах өдрүүдийн аль нэгэнд нь хүчин төгөлдөр болно. Үүнд:

 

(a)     хэрэв санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн талаар 4 дүгээр сарын 1-нээс өмнө мэдэгдсэн бол тухайн мэдэгдлийг үйлдсэн өдрийн дараах жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр;

(b)     хэрэв санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн талаар 4 дүгээр сарын 1-ний өдөр, эсхүл түүнээс хойш мэдэгдсэн бол тухайн мэдэгдлийг үйлдсэн өдрийн дараах гурав дахь жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр.

5.     Хэлэлцэн тохиролцогч Талын статистикийн жагсаалт, мөн түүний гаалийн тарифын жагсаалт, эсхүл 3 дугаар зүйлийн 1 (с)-д дурдсан тохиолдолд түүний тариф/статистикийн нэгдсэн жагсаалт нь энэ зүйлийн 4 дэх заалтад заасан өдөр болоход нэмэлт, өөрчлөлт оруулсан Уялдуулсан системд нийцсэн байна.

6.     Энэ конвенцид соёрхон батлах тухай тайлбар хийлгүйгээр гарын үсэг зурсан, түүнийг соёрхон баталсан, эсхүл түүнд нэгдэн орсон аливаа улс, гаалийн, эсхүл эдийн засгийн холбоо нь түүнийг Хэлэлцэн тохиролцогч Тал болох өдөр хүчин төгөлдөр болсон, эсхүл энэ зүйлийн 3 дахь заалтын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн  аливаа нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

17 дугаар зүйл

Хэлэлцэн тохиролцогч Талуудаас уялдуулсан

системтэй холбогдуулан эдлэх эрх

 

6 дугаар зүйлийн 4 дэх заалт, 8 дугаар зүйл, мөн 16 дугаар зүйлийн 2 дахь заалт нь Хэлэлцэн тохиролцогч аль нэг Талд Уялдуулсан системд холбогдох аливаа асуудлаар дараах эрхийг олгож байна. Үүнд:

(a)   Уялдуулсан системийн энэ конвенцийн заалтын дагуу хэрэглэж байгаа бүх хэсэгт холбогдох;

(b)   түүний хувьд энэ конвенц нь 13 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болох өдрийг хүртэл, Уялдуулсан системийн энэ конвенцийн дагуу тухайн өдрөөс хэрэглэхээр үүрэг хүлээсэн бүх хэсэгт холбогдох;

4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасан гурван жилийн хугацаанд Уялдуулсан системийн нийт 6 оронтой кодыг хэрэглэх албан ёсны үүрэг хүлээсэн тохиолдолд, мөн энэ хугацааг дуустал, Уялдуулсан системийн бүх хэсэгт холбогдох.

 

18 дугаар зүйл

Тайлбар

 

Энэ конвенцид ямар нэгэн тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.

 

19 дүгээр зүйл

Ерөнхий нарийн бичгийн даргаас хийх мэдэгдэл

 

Ерөнхий нарийн бичгийн дарга нь Хэлэлцэн тохиролцогч Тал, гарын үсэг зурсан бусад улс, Зөвлөлийн гишүүн боловч энэ конвенцийн Хэлэлцэн тохиролцогч Тал бус улс, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дараах зүйлийн талаар мэдэгдэнэ:

 

(a)  4 дүгээр зүйлийн дагуу хүлээн авсан мэдэгдлийн тухай;

(b)  12 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон тухай;

(c)  энэ конвенц 13 зүйлийн дагуу хүчин төгөлдөр болох өдрийн тухай;

(d)  14 дүгээр зүйлийн дагуу хийсэн мэдэгдлийн тухай;

(e)  15 дугаар зүйлийн дагуу хийсэн цуцлалтын тухай;

(f)   16 дугаар зүйлийн дагуу энэ конвенцид оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн тухай;

(g)  16 дугаар зүйлийн дагуу санал болгосон нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон эсрэг саналын тухай, мөн боломжтой бол, уг эсрэг саналаасаа татгалзсан тухай; мөн

(h)  16 дугаар зүйлийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлт, түүний хүчин төгөлдөр болох хугацааны тухай.

20 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгүүлэх

 

Энэ конвенц нь Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын өргөн мэдүүлснээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдэнэ.

 

Дээр дурьдсаныг гэрчилж дор гарын үсэг зурагсад, зохих ёсоор өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу, энэ конвенцид гарын үсэг зурав.

 

            Брюссель хотноо нэг мянга есөн зуун наян гурван оны зургадугаар сарын арван дөрөвний өдөр англи, франц хэлээр нэг эх хувь үйлдэв. Хоёр бичвэр нь адил хүчинтэй байх бөгөөд эх хувийг Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалж, түүний баталгаат хуулбарыг 11 дүгээр зүйлд заасан бүх улс, гаалийн, эсхүл эдийн засгийн холбоодод хүргүүлнэ.

 

BUY NOW