Ерөнхий мэдээлэл

Индонезийн Бали хотноо 2013 оны 12 дугаар сард болсон Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнуудын Сайд нарын 9 дэх удаагийн Бага хурлаар ДХБ байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирсон. Хэлэлцээрт ДХБ-ын гишүүн орны гуравны хоёр нь нэгдэн орсноор 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар (2020 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар) 152 Хэлэлцэн тохирогч Талтай болсон.

ДХБ Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн эдийн засгийн үр ашгийг Дэлхийн Худалдааны Байгууллага болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судлаачдын 2015 онд тооцсон тооцооллоор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын  гадаад худалдааны зардал 13.2-15.5 хувиар буурах, 2030 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт жилд 2.7 хувь, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн жил тутам 0.5 хувиар өсөх магадлалтай байна.

“Худалдааг хялбаршуулах, уялдуулах, стандартчилах, ил тод байлгах” нь худалдааг хөнгөвчлөх үндсэн зарчим бөгөөд энэ нь дотроо мэдээллийн стандарт, ил тод байдал, хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох, эрсдэлийн удирдлага болон бусад худалдааны эргэн тойронд оролцогч бүх талуудыг хамарна. Тухайлбал, ДГБ, ДХБ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлаг, Европын Холбооны Улс, Банк, санхүүгийн байгууллага (Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк) болон бусад олон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг нь худалдааг хөнгөвчлөх үйл ажиллаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Гадаад худалдааны бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангахад дэд бүтцийн асуудал голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд хөгжиж буй орнуудын хувьд дэд бүтцийн хөгжил, тээвэрлэлтийн зардал зэргээс шалтгаалан гадаад худалдаанд идэвхтэй оролцох боломж хязгаарлагдмал хэвээр байсаар байна.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь гурван хэсэг, 24 зүйлээс бүрдэнэ.

Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн бүтэц

Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн бүтэц (зүйлээр)

Хэлэлцээр нь нэгдэн орсон гишүүн орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж “А, В, С” гэсэн гурван ангиллыг[1] бий болгосон. Хэлэлцээрийн хоёрдугаар хэсэгт хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийн зарим заалтууд хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх зарчим тусгагдсан байдаг. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг давхардуулахгүй уялдуулж ажиллахыг зорьсон.

ДХБ-аас хэлэлцээрийн нэгдүгээр хэсэгт тусгасан 36 арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг хангахад хилийн хяналтын агентлаг, ялангуяа гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцоно.    

Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Гаалийн байгууллагын хамрах хүрээ

Эх сурвалж: ДГБ-ын Гарын авлага (A WCO GUIDANCE, 2016)

Дэлхийн улс орнуудын хил дээрх хяналтын үйл ажиллагааг харьцуулан үзэхэд гааль, хил хамгаалах, иргэний харьяалал, мэргэжлийн хяналтын байгууллагууд голлох үүрэгтэй ажилладаг байна. Хилийн хяналтын эдгээр байгууллагаас гаалийн байгууллага гадаад худалдааны бараа нийлүүлэлтийн сүлжээнд илүү өндөр үүрэгтэйгээр оролцож, төр, хувийн хэвшил, дэлхийн улс орнуудын гаалийн байгууллагатай түншлэх замаар худалдааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэгчийн хяналтыг дээшлүүлэх, ачилтын мэдээллийг урьдчилж авах, дотооддоо цахим нэг цонхны үндэсний системийг нэвтрүүлэх, хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлагыг хэрэгжүүлэх, хөрш орнуудтай харилцан мэдээлэл солилцох, хамтарсан хилийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг олон санаачилгыг хэрэгжүүлсээр ирлээ. Худалдааг хөнгөвчлөх нь тухайн улсын олон стратегийн хөгжлийн зорилгуудын нэг ба өргөн хүрээний төрийн бодлого зорилтод илүү ойр холбогдсон байдаг.

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг дараах линкээр орж үзнэ үү.

https://www.legalinfo.mn/annex/?lawid=12262

Дэлхийн Худалдааны Байгууллагаас Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудалд ихээхэн анхаарал хандуулж “Худалдааг Хөнгөвчлөх Арга Хэрэгсэл” дэд хуудсыг нээсэн. Энэхүү хуудаснаас хэлэлцээрийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг харах боломжтой. Мөн хуудаст хэлэлцээрт нэгдэн орсон бусад улс орнууд хэрхэн ажиллаж байгаа, техникийн туслалцаа, сургалт болон бусад мэдээллийг авч болно.

Дараах линкээр орж англи, испани, франц хэлнээс үзнэ үү.

https://www.tfafacility.org/


[1] Ангилал A: Хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц нэн даруй хэрэгжүүлэх; Ангилал B: Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа шилжилтийн хугацаа өнгөрсний дараа хэрэгжилтийг хангах; Ангилал C: Шилжилтийн хугацаа өнгөрсний дараа тодорхой чиглэлд техникийн туслалцаа авсны дараа хэрэгжүүлэх.