mn GB
Mobile menu

Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны сургагч багш бэлтгэх ахисан түвшний сургалт амжилттай зохион байгуулагдлаа

UNESCAP

ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр энэ оны 4 дүгээр сарын 9-нөөс 7 дугаар сарын 21-ний хооронд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-аас зохион байгуулсан “Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх” сургалтад Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны төлөөлөгчид болон Гаалийн Ерөнхий газрын сургагч багш нар хамрагдаж, амжилттай суралцан, 17 оролцогч гэрчилгээгээ гардан авлаа.

НҮБ-ын ХХБХ-ын Худалдааг хөнгөвчлөх тасгийн дарга Пол Хансен “Монгол Улс худалдааг хөнгөвчлөх чиглэлээр амжилттай, үүргээ ухамсарлан ажиллаж буйг онцлон дурдсан бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын хүлээсэн үүргийн талаарх мэдэгдлийг цаг тухай бүрт хүргүүлдэг” тухай тодотгон хэлэв. Түүнчлэн сургалтад хамрагдаж амжилттай төгссөн оролцогчдод баяр хүргэж, Монгол Улсад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр түүчээ болон ажиллахыг хүсэв.

Гурван сарын хугацаанд үргэлжилсэн цахим сургалтын үеэр НҮБ-ын ХХБХ болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын мэргэжилтнүүд худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа, Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцсон.

Сургалтад амжилттай оролцсон Гаалийн ерөнхий газрын хоёр албан хаагчийн төгсөлтийн шалгалтын үеэр бичсэн өгүүллэгийг НҮБ-ын ХХБХ-ын Тээвэр болон худалдааг хөнгөвчлөх тойм эмхтгэлд нийтлэхээр болсон.

НҮБ-ын ХХБХ, Монгол Улсын ГХЯ, ГЕГ хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний үр дүнд оролцогчид олон улсын болон үндэсний түвшинд бэлтгэгдэн, цаашид Монгол Улсад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг шинэ шатанд гаргахад гар бие оролцох мэргэшсэн баг бий боллоо.   

Unescap 1