mn GB
Mobile menu

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА ЕЛЕНА ЯГОДКИНА “РОССИЙСКАЯ ГАЗЕТА” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГААС

web medee zurag

Импортын согтууруулах ундаанд олгодог “онцгой албан татварын тэмдэгт”-ийн худалдан авалт огцом нэмэгдсэн талаар ОХУ-ын гаалийн байгууллагаас мэдээлж байна. Үүссэн нөхцөл байдлын шалтгаан, түүнчлэн онцгой албан татвартай барааны импортын өнөөгийн байдлын талаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга Е.В. Ягодкина “Российская газета” сонинд ярилцлага өгөв.

 Рос.газета: Импортын согтууруулах ундаанд “онцгой албан татварын тэмдэгт” олгодог ОХУ-ын Холбооны гаалийн албаны чиг үүрэгт хамаарах ажлыг Согтууруулах ундааны борлуулалтад хяналт тавих ОХУ-ын Холбооны албанд шилжүүлэн өгч байна. Энэ ажил ямар явцтай байна?

 Елена Ягодкина: Согтууруулах ундаанд олгодог “онцгой албан татварын тэмдэгт”-ийн тухай ойлголт 2021 онд үндсэндээ байхгүй болж байна. Түүний оронд импортын согтууруулах ундаанд “холбооны тусгай марк” гэдэг наалтыг хэрэглэх болсон. Тус наалтыг 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Согтууруулах ундааны борлуулалтад хяналт тавих ОХУ-ын Холбооны алба олгож байгаа. Шинэ загварын наалт олгох ажил жигдрэх хүртэлх шилжилтийн үе буюу 2021.03.31-ний өдрийг хүртэл ОХУ-ын ХГА-аас “онцгой албан татварын тэмдэгт”-ийг хэвээр олгож байсан.

 Шинээр нэвтрүүлж байгаа аливаа өөрчлөлтийг бизнес эрхлэгчид болгоомжтой хүлээж авдаг учраас “онцгой албан татварын тэмдэгт”-ийн худалдан авалт үүнээс шалтгаалж нэмэгдсэн болов уу гэж үзэж байна.

 ОХУ-ын гаалийн байгууллага 2020 онд импортын согтууруулах ундаанд 1 тэрбум орчим онцгой албан татварын тэмдэгт олгосон бол 2021 он гарсаар ойролцоогоор 450 сая онцгой албан татварын тэмдэгт олгоод байна.Хэрэв өнгөрсөн онд өдөртөө дунджаар 1,5-2 сая онцгой албан татварын тэмдэгт олгодог байсан бол энэ оны зөвхөн 3 дугаар сарын эхний долоо хоногуудад өдөртөө 10-12 сая онцгой албан татварын тэмдэгт олгосон байна.

 Рос.газета: Онцгой албан татвар ногдуулдаг дараагийн том бүлгийн бараа бол – тамхи, тамхин бүтээгдэхүүн. Онцгой албан татварын тэмдэгтийн худалдан авалт ийнхүү өсч байгаа нь тамхи, тамхин бүтээгдэхүүний импортод хэрхэн нөлөөлж байна?

 Елена Ягодкина: Оны эхнээс онцгой албан татвартай барааны импорт өсч байна. Үүнд гол төлөв тамхи, тамхин бүтээгдэхүүн, электрон тамхи болон цахилгаан халаагч хэрэгслээр татах бусад хэрэгсэл багтаж байна. Энэ төрлийн барааны онцгой албан татварын хувь хэмжээ 2018 онд хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд үүнээс хамаарч энэ төрлийн барааны импорт “огцом унасан” гэж хэлж болно. Одоогоор тус барааны импорт өмнөх түвшиндээ эргэн очиж байна.

 Рос.газета: Өнөөгийн цаг үед гадаад худалдааны багагүй хувийг цахим худалдаа эзэлж байна. Оросын иргэд гадаадаас ихэвчлэн ямар бараа захиалж авдаг вэ? Тэмдэглэлт баяруудын өмнөх уур амьсгал худалдан авалтад нөлөөлж байна уу?

 Елена Ягодкина: Энэ оны эхний хоёр сарын байдлаар ойролцоогоор 125 мян.шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийж, татвар төлүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30%-иар буурсан үзүүлэлт хэдий ч цахим худалдаагаар авсан бараанд ногдуулсан татварын дүн 22%-иар өсч, 335 сая рублийн татвар барагдуулсан байна. Манай иргэд гол төлөв хувцас, гутал, бага оврын цахилгаан бараа, хүүхдийн бараа захиалж авдаг. Эрэлт хэрэгцээ тогтвортой байдаг учраас энэ байдал нь тэмдэглэлт баярын өдрүүдээс, эсхүл тухайн улирлаас хамаарахгүй байна.

 Рос.газета: ОХУ-ын холбооны төсөвт ОХУ-ын ХГА-ны оруулдаг орлогод мэдээж хэрэг цар тахал сөргөөр нөлөөлсөн. Орлого бүрдүүлэх чиг хандлага 2021 онд ямар байх бол гэж Та харж байна? Мөн ОХУ-ын холбооны төсөвт төвлөрүүлэх орлогын урьдчилсан төлөв прогноз гарсан уу?

 Елена Ягодкина: Энэ оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар ОХУ-ын холбооны төсөвт 1,127 их наяд руб. төвлөрүүлсэн бөгөөд энэ нь 2020 оны мөн үеэс 142 тэрбум рублиэр өссөн үзүүлэлт юм. Энэ өсөлт нь гол төлөв нефтийн болон хийн хоолойн бүтээгдэхүүний орлогоос хамааралтай төдийгүй нийт орлогын 74%-ийг эзэлж байна.

 Ер нь бол гадаад худалдаанаас бүрдүүлдэг орлогын чухал хэсэг бол яахын аргагүй импортын бараанд ногдуулдаг гаалийн албан татвар, хураамжийн орлого байдаг. Тус орлого нь 2020 оны мөн үеэтэй харьцуулахад 197 тэрбум рублиэр өсч, ОХУ-ын холбооны төсөвт 798 тэрбум руб. төвлөрчээ.

 Экспортын орлого энэ онд 44 тэрбум рублиэр буурсан. Экспортын орлого буурсан гол шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар “0” болж, ашигт малтмалын нөөц ашигласны татвар (АМНАТ) нэмэгдсэнтэй холбоотой, мөн түүнчлэн нефть, хийн хоолойн зах зээл дээр эрэлт хэрэгцээнээс хамаарч үнэ өөрчлөгдөж байгаа явдал үүнд бас нөлөөлсөн.

 Рос.газета: Одоогоор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хувьд нэгдсэн зах зээлийн дүрэм үйлчилдэг. Гэтэл ЕЭЗХ-ны гишүүн орнуудад татварын хувь хэмжээ болон барааны гаалийн үнэлгээ өөр хоорондоо ялгаатай байна. Үүнийг уялдуулахын тулд ямар ажлууд хийгдэж байна?

 Елена Ягодкина: Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээнд заасны дагуу ЕЭЗХ-ны гишүүн орнууд татвар ногдуулж, барагдуулахад ЕЭЗХ-ны Гаалийн нэгдсэн тариф (ГНТ)-т заасан гаалийн албан татварын хувь хэмжээг хэрэглэнэ. Гэхдээ дүрмээс гадуурх зарим зохицуулалт байдаг. Тухайлбал, Казахстан Улс нь ДХБ-ын өмнө хүлээсэн үүргийн дагуу 3000 нэр төрлийн бараанд нэн тааламжтай тариф хэрэглэдэг. Түүнээс гадна, Армен Улс болон Киргиз Улсыг Евразийн эдийн засгийн холбоонд элсүүлэх тухай гэрээнд зааснаар эдгээр орнуудад шилжилтийн үе дуустал ЕЭЗХ-ны ГНТ-т зааснаас өөр гаалийн албан татварын хувь хэмжээ үйлчилнэ гэдгийг зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулалт түр хугацаанд үйлчилнэ.

 Киргиз Улс нь 2020 оноос эхлэн ЕЭЗХ-ны ГНТ-т бүрэн шилжсэн. Армен Улсын хувьд зарим нэр төрлийн бараанд өмнө нь тогтоосон импортын гаалийн албан татварын хувь хэмжээг 2021 оны 12 сар хүртэл хэвээр хэрэглэх боломжтой байгаа.

 Гаалийн үнэ, үнэлгээний хувьд хэлэхэд ЕЭЗХ-ны гишүүн орнууд гаалийн үнэлгээнд тавих хяналтын талаар нэгдсэн ойлголт, нэгдсэн байр суурьтай болохын тулд ЕЭЗХ-ны гишүүн орнуудын гаалийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажилладаг. Ийнхүү гаалийн байгууллагууд хамтарч ажилласны үр дүнд тогтмол импортлодог болон татварын өндөр үнийн дүнтэй 800 гаруй нэр төрлийн барааны гаалийн үнийн унификацийг өнөөдрийн байдлаар хийгээд байна.

 Рос.газета: Аж ахуйн нэгжүүдийн гаалийн төлбөр, тооцоо, данс хөтлөх чиглэлээр гаалийн байгууллага ямар ажлуудыг 2021 онд цахимжуулахаар төлөвлөж байна?

 Елена Ягодкина: Бидний хувьд 2021 онд дэвшүүлж байгаа нэн тэргүүний зорилт бол гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогчдын хооронд хууль эрх зүйн хувьд ач холбогдол бүхий бичиг баримтуудыг цахим байдлаар солилцож эхлэх ажил байна. Үүнийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж байгууллагуудад өөрсдийн харилцах дансаа бие дааж хянах эхний боломж нээгдэнэ.

 Энэ онд хэрэгжүүлэх дараагийн том зорилт бол гаалийн болон татварын байгууллагуудын хооронд цахимаар солилцдог татварын мэдээллийн баазыг татвар төлөгчийн төсөвт тушаадаг мөнгөний гүйлгээний мэдээлэлтэй холбох ажил юм. Үүнийг хэрэгжүүлснээр татвар төлөгчөөс мэдээллийг давхардуулж авах шаардлагагүй болно, түүнээс гадна хийгдэж байгаа гүйлгээний мэдээлэл илүү ил тод байх болно.

 

Эх сурвалж: customs.ru