mn GB
Mobile menu

МОНГОЛЫН ЧАЦАРГАНЫ КЛАСТЕРИЙН АНХДУГААР ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

124597579 3113525205418569 4332991618141173733 o

Монголын чацарганы кластерийн анхдугаар форум “Монголын чацаргана – дэлхийн зах зээлд” сэдвээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдлаа.

МҮХАҮТ нь 2015 оноос ХБНГУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтарсан чацаргана болон хонины ноос, ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих Pro Value төслийг Архангай, Увс аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Увс аймаг дахь чацарганы тариалалт, нэмүү өртгийн сүлжээг дэмжих, өндөр өртөг бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэх замаар орон нутагт шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэн хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.Харин Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын худалдааг дэмжих төсөл” нь /EU-TRAM/ 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, түүнчлэн худалдааг хөнгөвчлөх, худалдааны бодлого тодорхойлоход дэмжлэг үзүүлэхэд оршино.

МҮХАҮТ-ийн санаачилгаар дээрх хоёр төслийн хүрээнд далайцтай үйл ажиллагаа явуулах, төслийн үр дүн, үр нөлөөг сайжруулах зорилгоор уул уурхайн бус нийт дөрвөн кластер (арьс шир, гоо сайхан, чацаргана, хонины ноос, ноосон бүтээгдэхүүн)-ийг сонгон тэдгээрийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг хөгжүүлэн, цаашлаад дэлхийн зах зээлд эдгээр бүтээгдэхүүнийг гаргахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Эдгээр санаачилгын хүрээнд Монголын чацарганы анхдугаар форумыг зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн албан байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэ үеэр зохион байгуулсан “Чацарганы бүтээгдэхүүний экспортын төлөв” сэдэвт хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, чацарганы үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, гадаад худалдааны өнөөгийн байдал болон цаашид хийж гүйцэтгэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Уг хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газрын төлөөлөл оролцож чацарганы импорт болон экпортын талаар мэдээлэл өгч, худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр, түүний үр дүнгийн талаар танилцууллаа.

124265688 3113529555418134 8544099722681637085 o