mn GB
Mobile menu

Дэлхийн Гаалийн Байгууллагын Ази, Номхон Далайн Бүс нутгийн дэд даргалагчаар Бүгд Найрамдах Индонез Улсын гааль ажиллахаар боллоо

 

news1

Дэлхийн Гаалийн Байгууллагын Ази, Номхон Далайн Бүс нутгийн дэд даргалагчаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гаалийн байгууллага 2020 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 2020-2022 онд ажиллахаар боллоо.

Үүнтэй уялдуулан 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан цахим ёслолын ажиллагаанд Дэлхийн Гаалийн Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ноён Кунио Микурия, Ази, Номхон Далайн Бүс нутгийн өмнөх дэд дарга Ноён М. Ажит Кумар (Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гаалийн байгууллагын дарга) болон Бүгд Найрамдах Индонез Улсын Сангийн яам, Гаалийн байгууллагын 450 албан хаагчид оролцлоо.

Ёслолын ажиллагааны үеэр Дэлхийн Гаалийн Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ноён Кунио Микурия дэлхий нийтийн хэмжээнд тархаад байгаа КОВИД-19 цар тахлын энэхүү хэцүү цаг үед Гаалийн Байгууллагууд гадаад худалдааны тасралтгүй урсгалыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэв. Тэрбээр Бүгд Найрамдах Индонез Улсын Гаалийн байгууллага ирэх гурван жилд бүс нутагтаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаад талархал илэрхийлж, бүс нутгийн гаалийн байгууллага болон Дэлхийн Гаалийн Байгууллага хооронд гүүр болж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн бүс нутгийн өмнөх даргалагч Ноён М. Ажит Кумар Ази, Номхон Далайн Бүс нутгийн үйл ажиллагааны цар хүрээний тэргүүлэх чиглэл, чиг үүргийг онцлон, цаашдын үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гаалийн байгууллага идэвхитэй хувь нэмрээ оруулна гэж онцолсон.

Шинээр сонгогдсон дэд даргалагч Ноён Хэрү Памбуди цаашид бүс нутгийн чадавхыг бэхжүүлэхэд тэргүүлэн, Дэлхийн Гаалийн Байгууллага болон гишүүн орнуудын хооронд гүүр болж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тэрээр гишүүн орнуудын хэрэгцээнд нийцсэн техникийн туслалцаа үзүүлэх, гаалийн байгууллагын хууль сахиулах болон худалдааг хөнгөвчлөх чиг үүргийг хэрэгжилтэд дэмжлэг болж, цахим хэлбэрээр мэдээлэл солилцох ажлыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэн ажиллахаа ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн.

Энэхүү арга хэмжээ нь КОВИД-19 цар тахлын үеэр Дэлхийн Гаалийн Байгууллага болон бусад олон улсын байгууллагын хамтын ажиллагаа цахим хэлбэрт шилжин, ёслолын ажиллагаа, хурал, цуглаан, уулзалт, сургалт тасралтгүй явагдаж байгааг илэрхийлсэн явдал боллоо.

 

news2