mn GB
Mobile menu

МЭНДЧИЛГЭЭ

Mendchilgee

Эх орны дөрвөн зүг, найман зовхист Гаалийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчид болон та бүхний гэр бүлийнхэнд Монгол улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

 COVID-19 вирусийн халдвар дэлхийн олон оронд тархаж Монгол улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шинэ сорилттой тулгарсан, онцгой цаг үед төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт гаальчиддаа талархал илэрхийлье.

Бид бүхэн “Гаалийн шинэчлэл”-ийн зорилтоо амжилттай хэрэгжүүлж Гаалийн шуурхай удирдлагын төв, Гаалийн төв болон салбар лабораторуудын барилгын бүтээн байгуулалтын ажлууд дуусах шатандаа орж, Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт, Боршоо боомтуудын шинэчлэлийн бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. Бид цааашид “Гаалийн шинэчлэл”-ийн амжилтаа үргэлжлүүлэн улс эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулж амжилт, ололтоо улам бүр бататгах болно. Мөн гаалийн байгууллага нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд орчин үеийн өндөр технологи бүхий Рентген тоног төхөөрөмж, хяналтын автомат Ухаалаг гарц, Теле-хяналтын камерын систем нэвтрүүлэх замаар гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй цаг хугацааг бууруулах, гаалийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, мэдээллийн технологид суурилсан цахим гаалийг хөгжүүлэн, өргөжүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна.

Бид улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүргээ нэр төртэй биелүүлж, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенциар хүлээсэн үүргээ бүрэн ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, үр дүнтэй ажиллаж ирсэнийг энд онцлон дурьдахад таатай байна. Бид цааашид “Гаалийн шинэчлэл”-ийн амжилтаа үргэлжлүүлж, улам бататган, ёс зүйтэй, эх оронч сэтгэлтэй, мэргэжлийн өндөр чадвартайгаар тогтвортой хөгжих болно. Монгол улсын гаалийн нэр хүнд Гаалийн улсын байцаагч нэг бүрийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой тул та бүхэн ажилдаа зарчимч, хариуцлагатай байж, ил тод, ёс зүйтэй үйл ажлаараа гаалийн байгууллагын нэр хүндийг улам өндөрт өргөж явна гэдэгт итгэл төгс байна.

Монголын улсын гаалийн байгууллагын мянга мянган улсын байцаагч, албан хаагч та бүхэн түүхт их улсынхаа хийморь жавхааг бадраан, төрийн сүлдээ цэнгүүлэн түмэн олноороо сэтгэл тэнүүн сайхан наадаарай.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ