mn GB
Mobile menu

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 135/136 ДУГААР ЭЭЛЖИТ ЧУУЛГАН АНХ УДААГАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БОЛЛОО

WCO 135-136 press release 2020.06.25 phic

Дэлхийн Гаалийн байгууллага (ДГБ)-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 135/136 дугаар ээлжит Чуулган анх удаагаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 25-нд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн Чуулганы онцлог нь КОВИД-19 вируст халдварын улмаас хэлэлцэх асуудлыг урьдчилан ирүүлж, төлөөлөгчдийн тэргүүн нар өөрсдийн саналаа хүргүүлж, хуралдааны үеэр хэлэлцүүлсэнд оршино.

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурияа Хуралдааныг нээж “Энэ удаагийн Чуулган ДГБ-ын гишүүн орнуудын хувьд ажиллах шинэ зарчмыг бий болгож байна. Мөн түүнчлэн Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Нэгдсэн Үндэсний Байгууллага КОВИД-19 цар тахлын үед худалдааны урсгалыг саадгүй нэвтрүүлэх тал дээр анхааран хэрэгжүүлсээр байна. Цаашид бид энэ хэцүү үед өөрсдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж буюу эрсдэлээс зайлс хийх үүднээс Дэлхийн Гаалийн байгууллага нь гишүүдийн чадавхыг дээшлүүлэх тал дээр анхааран төсөл хөтөлбөрүүдийг хийж та бүхэнд КОВИД 19 үед бэрхшээлгүй ажиллахад нарийн зааварчилга өгөх болно ” хэмээн онцолж Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Чуулганд тус байгууллагын гишүүн 130 орны гаалийн байгууллагын тэргүүн нар оролцож ДГБ-ын Уялдуулсан Системийн конвенцод оруулах өөрчлөлт; ДГБ-ын Санхүүгийн Хорооны 103 дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийг батлахын зэрэгцээ ДГБ-ын Чуулган, Санхүүгийн болон Аудитын Хорооны даргалагч, дэд даргалагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2020 оны 12 дугаар сар хүртэл сунгахаар шийдвэрлэв

Чуулганы төгсгөлд хөтөлбөрийн дагуу ДГБ-ын 6 бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвийн дэд даргалагчийг сонгож, ДГБ-аас 2020/2021 оны санхүүгийн жилд зохион байгуулагдах хуралдаан, уулзалтын төлөвлөгөөг баталлаа.Ийнхүү ДГБ-ын 135/136 дугаар Чуулган амжилттай хуралдаж, 137 дугаар Чуулганыг энэ оны 12 дугаар сард зохион байгуулахаар товлов.