mn GB
Mobile menu

“ГААЛИЙН ЭРХ ЗҮЙН УДИРТГАЛ” ном хэвлэгдэн гарлаа

1

1.“Гаалийн эрх зүйн удиртгал” номын тухай

... Оршил болгон сонирхуулахад хоёр жилийн өмнө зохиогчоос надад хандаж “Гаалийн их, бага хэмжээний гучаад ном, түүний дотор түүх, менежмент, мэдээллийн технологи, гаальчдын дурсамж, дурдатгалыг эмхэлж цэгцлэхэд гар бие оролцсон, мэргэжлийн арав гаруй бүтээлтэй, эрхэм дүүгийн “эрдэм”-ийг би сонирхож байна. Гаалийн бодлого, үйл ажиллагаа нь хуулийн онол, худалдааны онол хоёрт тулгуурладаг. Хоёулаа гаальчдынхаа шударга ариун үйлсийг мөнхжүүлсэн эрх зүйн онолынх нь шинжлэх ухааны номыг хамтран бүтээе” гэсэн түүний хүсэлтийг хүлээн авч, энэ нөр их ажлыг зориг алдан барьж аваад, одоо ард нь гарч чадсандаа үнэхээр баяртай байна.

Өнөөдөр Монгол Улсын нэр хүнд Олон Улсын тавцанд өсч, гадаад харилцаа, гадаад худалдаа өргөжихийн хирээр дэлхий дахины хамтын ажиллагаа, өрсөлдөөний талбар руу эргэлт буцалтгүй татагдан орж байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд ойлгомжтой байдаг нэгэн зүйл бол эртний грек ромоос эхлээд Монгол, Орос, Хятад хөрш орнуудын харилцааны нэгдмэл нэг хэл нь гадаад худалдаа, гаалийн зохицуулалт байсаар ирсэн түүхтэй.

Шинэ зууны хууль ёсны шударга худалдаа бизнесийн үйл ажиллагааг гаалийн эрх зүйн зохицуулалтаас ангид авч үзэх ямарч боломжгүйг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон энэ цаг үед Монголын гаалийн дагнасан судалгааны анхны доктор, МУИС-ийн профессор, гаалийн итгэмжит зөвлөх Ш.Цогтоогийн эрх зүйн онол, олон улсын практикт тулгуурлан туурвисан “ГААЛИЙН ЭРХ ЗҮЙН УДИРТГАЛ” ном хэвлэгдэн гарсан нь гадаад худалдаа, гаалийн мэргэжилтнүүд, энэ чиглэлийн судлаачид төдийгүй МУИС, гааль судалдаг бүх их дээд сургуулиудын оюутан, магистрант, докторант, сонирхон судлагч хэн бүхэн өөрийн ширээний ном, онол арга зүйн чиг баримжаа болохуйц хэмжээний оюуны бүтээл болсныг тэмдэглэхэд нэн таатай байна.

2 Товч намтар

Шарын Цогтоо хуульч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой. Орос хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, англи хэлний зохих мэдлэгтэй, гаалийн итгэмжит зөвлөх цолтой. Хууль зүйн ухааны доктор, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, захиргааны эрх зүй, санхүүгийн эрх зүй, гаалийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч.

Тэрбээр аймгийн захиргааны хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, Хуулийн хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн референт, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Удирдлагын академи, МУИС-ийн ХЗС-ийн профессор, Буянт-Ухаа Гаалийн газрын дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн зэрэг төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж буй тэргүүн зэрэг дэвтэй эрхэлсэн түшмэл. 

Доктор, профессор Ш.Цогтоо нь "Санхүүгийн эрх зүйн үндэс", "Гаалийн эрх зүйн ерөнхий, тусгай анги", "Засаг захиргаа: онол арга зүйн асуудал", "Монгол улс дахь гаалийн эрх зүйн хөгжил, төлөвшлийн асуудал", "Гаалийн эрх зүйн үүсэл хөгжилт, судалгааны үр дүн, цаашдын чиг хандлага", "Нийтийн захиргааны удирдлага", "Захиргааны эрх зүйн тусгай анги", "Гаалийн эрх зүйн удиртгал" зэрэг орос, монгол хэл дээр нийтлэгдсэн 20 гаруй бүтээл туурвиад байгаа болно.

“Гаалийн эрх зүйн удиртгал” бүтээл нь манай гаалийн түүхэнд домог болон тэмдэглэгдсэн үе үеийн гаалийн удирдлагууд, тухайлбал, Г.Пунцагдаш, Г.Сэсээр, Д.Цэнд, доктор (Sc.D) Б.Баттөмөр тэргүүтний бүтээлч ажил үйлс, практик зөвлөмж, мөн Гаалийн сургуулийн багш, гаалийн итгэмжит зөвлөх Ж.Булган, Л.Минжин, О.Галдансамбуу, Г.Цэрэндулам, С.Норжинсүрэн, Б.Эрдэнэсувд, Д.Баярсайхан, С.Цэрэнчимэд, доктор С.Цэцгээ, доктор Ч.Жаргалсайхан, доктор Б.Батбямба, доктор Ж.Чимгээ, доктор Э.Чинбат зэрэг монголын гаалийн уураг тархи, нэр төр болсон эрдэмтэн, судлаачдын ном бүтээлүүдийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан онол, арга зүйн эш үндэслэл авч уг номын агуулгыг улам бүр баяжуулсан нь гаалийн төлөө caнaa тавьдаг хэн бүхний хамтын хүчин чармайлт, оюуны баялгийн нэгдсэн илэрхийлэл бүхий гааль судлалын эрдэм шинжилгээний томоохон бүтээл болсон юм.

МУИС-ийн профессор, гаалийн сургуулийн эрдэмтэн багш нарын нэг, гаалийн дагнасан судалгааны анхны доктор Ш.Цогтоогийн “ГААЛИЙН ЭРХ ЗҮЙН УДИРТГАЛ” бүтээл нь нийтийн захиргааны алба, тэр дундаа гаалийн бодлого, үйл ажиллагааны зогсонги, тогтонги үзэгдлийг орчин цагийн аж амьдралтай шинжлэх ухаанчаар холбосон хөгжил хөдөлгөөнд оруулж, уг асуудлыг эрх зүйн онолын харьцангуй өндөр түвшингээс тайлбарлах боломжийг олгосон нь уншигч судлаачдын сонирхлыг зүй ёсоор татах болов уу.

Гаалийн тариф, гаалийн тарифын бус зохицуулалтын төрөл хэлбэр, гаалийн экслав ба анклав нутаг дэвсгэр, гаалийн улсын байцаагчийн цол зэрэг олгох, сэлгэн ажиллуулах зарчим, “customs service” буюу гаалийн үйлчилгээ, гаалийн иммунитет, квот, демпинг, тэрчлэн бидний дунд эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлж, маргаан үүсгэж буй гаалийн суурь нэр томъёо, гаалийн хөгжил, төлөвшлийн чиг хандлага зэрэг урьд өмнө цогц байдлаар төдийлөн гарч байгаагүй, хүн тойрч зугатаад байдаг эмзэг хөндүүр шинэлэг асуудлын эрх зүйн эх сурвалж, онол практикийн үндэслэлийг энэ номондоо энгийн мөртлөө цоо шинэ хандлагаар боловсруулсан байна.

Энэхүү сурах бичиг нь 11 бүлгээс бүрдэх бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эдийн засгийн сургууль (Бизнесийн сургууль)-ийн ахлах дамжааны оюутан, их дээд, эчнээ анги, магистрант, гаалийн мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалтад үзэж судалдаг хичээлийн хөтөлбөрт тулгуурлан боловсруулсан.

“Гаалийн эрх зүйн удиртгал” номын бүлгийг жагсаавал:
1.Гаалийн эрх зүйн удиртгал, онол арга зүйн үндэс
2.Монгол улсад гаалийн алба үүсч, хөгжсөн онцлог үе шат, эрх зүйн зохицуулалт
3.Гаалийн эрх зүйн харилцаа, арга, зарчим, эх сурвалж, тэдгээрийн хууль зүйн агуулга, мөн чанар
4.Гаалийн эрх зүйн хэм хэмжээ, цаг хугацаа, орон зайн үйлчлэл
5.Байнгын болон түр ажиллагаатай боомт, тэдгээрийн эрх зүйн байдал
6.Гаалийн хяналт, шалгалт
7.Гаалийн бүрдүүлэлт
8.Гаалийн татвар, тарифын зохицуулалт, гаалийн үнэ, үнэлгээ
9.Гаалийн тарифын бус зохицуулалт
10.Гаалийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагааны эрх зүйн үндэс
11.Олон улсын гаалийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт
Хавсралтууд

2.“Гааль” хэмээх нэр томъёоны хууль зүйн утга агуулга

“Гааль” гэдэг үгийг монгол хэлний товч тайлбар тольд “Хил хязгаар нэвтрүүлж гадаадад гаргах, дотоодод оруулах бараа таваар, түүнээс авах татвар, Гайлилах гэдэг нь гааль авах, гааль хураах, гааль хянах...” үйл явц болохыг илэрхийлжээ. “Гайлгүй” гэдгийг гаальгүй оруулах зүйлийн цэс, “гайль” нь гаалийн хороо, “гайльч” нь гааль хураагч хүн хэмэээн тайлбарласан байна.

Эдгээр нэр томъёог харьцуулж үзвээс орчин цагийн монгол хэлний гааль хэмээх үг нь хятад хэлний “шүй” буюу “татвар тушаавал зохих этгээдээс улсад татварлах зоос мөнгө юм уу, эд бодис” гэдэг үгтэй утга дүйх ажээ. Хятад хэлний “шүй” нь орос хэлний “таможенная пошлина” буюу гаалийн татвар, “налог” буюу албан татвар, алба гувчуур гэдэгтэй адил ойлголт байна.

“Монгол үгсийн язгуурын тайлбар толь”8-д гайли (gayle) хэмээх нь гудамж, зах зээл гэсэн хятад хэлний “гаи” хэмээх үгнээс үүсвэртэй байх магадлалтайг тэмдэглэсэн байна. Мөн уг тольд эгнэж буух, зэрэгцэж суух гэхийг өвөрлөгч аялгуунд “гайллаж буух” гэж тайлбарлажээ. Эдгээрээс өнгөцхөн харвал “гааль” хэмээх нэр томъёо монгол хэлэнд анх хятад хэлнээс орж ирсэн үү? гэвэл бас үгүй юм. Учир нь эртний монгол хэлний гувчуур, алба гувчуур буюу ард олноос тэсгэж авах албан татвар, татварлан авах гувчуур хэмээх ойлголт өнөөгийн орос хэлний “таможенная пошлина”, “налог”, хятад хэлний “шүй”-тэй адил утгатай үгс гэдэг нь тодорхой байна.

Тухайлбал, Монголын нууц товчоонд “Чингис хаан Тангад Түвдээр тэнүүчлэн ядарч зүдэрч ирсэн Ван хаанд гувчуур гувчиж (татвар татаж гэсэн үг) хүрээн дотроо оруулж тэжээв” гэсэн нь чухамдаа Ван хаанд зарцуулах зардлыг ард олноос татварлан цуглуулж шийдсэнийг хэлж буй хэрэг юм. Энэ мэтчилэнгээр гувчуур буюу татвар хураамж гэх нэр томъёо “Монголын нууц товчоо”-нд 10-аад удаа гарч байна.

Орос хэлний “таможня” буюу гааль гэдэг үг нь зах зээлд нэвтэрч буй бараа болон эд юмсыг шалгасны баталгаа болгож түүн дээр дардаг “тамга” гэж нэрлэгддэг түрэг үгнээс гаралтай аж. Тэрчлэн энэ үг Татар, Башкир хэлэнд “тавра” буюу (татвар гэсэн утгатай) байснаа дараа нь бараанд татвар оногдуулахдаа “таможить” хэмээх үйл үг болгон хэрэглээд, бараагаа байрлуулж байсан газрыг “таможня” гэж нэрлэх болсныг эрдэмтэд баталсан байна.

-Орос дахь Татар-Монголын эзэмшлийн үед худалдааны үйл ажиллагааг журамлах явцад орос хэлэнд “тамга” гэдэг үг гарч ирсэн нь Түрэг хэлнээс гаралтай “клеймо” буюу тамга тэмдэг гэсэн утгатай нэр үг бололтой. Жишээ нь, Хүмүүсийн авч явж буй морин тэрэг ачаанаас гүүрээр гарах үед нь “Гүүрний татвар” төлснөөр уг бараа нь зарагдах эрхээ авдаг байсан байна. Хил дээрх бараанд худалдаачных нь мэдүүлэгт үндэслэн бараагаа зарах эрхийг олгосон тамгатай бичгийг хавсаргаж өгдөг байжээ. Уг барааг энэ бичигт заасан газарт л худалдах эрхтэй байсан болно.

-Болгар, Украйн хэлэнд мөн л хилээр оруулж гаргах бараанд хяналт тавих үйл ажиллагааг “митница” гэж нэрлэж байснаа “таможня” буюу гааль гэсэн ойлголтын дор Орос Византийн харилцааны 911 оны эхэн үеэс хэрэглэсээр иржээ. Энэ “митница”-г угаах гэж махчилан орчуулж болохгүй бөгөөд харин ч орчин үед “бүрдүүлэлт” гэсэн утга агуулга илэрхийлж буйг зарим сурах бичигт дурдсан байна. Гэхдээ барааны зах, худалдааны үзэсгэлэн дээр борлуулах барааг хяналтандаа авах зорилготойгоор гааль гэсэн утгаар хэрэглэж байсан болохоос гаалийн татвар гэх одоогийн энэ агуулга эхэн үедээ байгаагүйг тэмдэглэе.

-Англи хэлний “customs” буюу гааль хэмээх үг нь зан заншлын хэм хэмжээ, худалдаа үйлчилгээ хэмээх утга агуулгыг илэрхийлсээр ирсэн байх бөгөөд эртний Ром, Египет, Грек, Энэтхэг, Хятадын худалдаачид тухайн улс, орон нутгийн эзэн ноёнд худалдаа хийж буй бараа таваарынхаа тодорхой хэсгийг (дээжийг) өргөн барих ёс зан заншлын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэв хууль юм. Үүнийг customs буюу гааль хэмээн нэрлэж байсан байна.

Эдгээрээс үзвэл “гааль” хэмээх үгийн хууль зүйн утга агуулга нь улсын ба гаалийн хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүн, зорчигч үйлчлүүлэгчид, бараа тээврийн хэрэгсэл, түүнийг хянах, шалгах, тоолох, тэмдэглэх, бүртгэх, тамгалах, статистик мэдээлэл хөтлөх, хууль сахих сахиулах статустай иргэдэд үйлчлэх үйлчилгээний норм норматив бүхий бүхэл бүтэн процедур үйл ажиллагаа, түүнд холбогдох татвар хураамж, алба гувчуурын асуудал, тэрчлэн гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, гаалийн албаны төлөө, улс орны аюулгүй байдлын төлөө шударга үйл хэрэгт бие сэтгэлээ зориулсан гаальчдын эрх, үүргийг нэгтгэн тодорхойлсон нийлмэл цогц хэм хэмжээнд чиглэгдэж байна.


Номыг ариутган шүүж, редакторласан
ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын албаны ГУБ,
Гаалийн зөвлөх цолтой У.Отгонбаяр