mn GB
Mobile menu

Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллагуудын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн долдугаар хуралдаан болж өндөрлөлөө

3

Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллагуудын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн долдугаар хуралдаан БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 07 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд амжилттайгаар зохион байгуулагдлаа.

Уулзалтын өмнө БНХАУ-ын Гаалийн дэд сайд Лу Пэйжун Монголын талын төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд Монголын талаас :ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт, ГЕГ-ын ГХАА-ны дарга Ж.Бямбагарав, ЗҮГГ-ын ГУБ Ц.Даваасүрэн, Хятадын талаас: ГЕГ-ын гаалийн хяналт, шалгалтын хэлтэсийн орлргч дарга Мяао Юүэсүэ, ГЕГ-ын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жао Руйсиа болон албаны бусад хүмүүс байлцлаа. Талууд Монгол, Хятад хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй хамтарсан шалгалт болон бусад хамтын ажиллагааг бүх талаар нь дэмжихээ илэрхийлж хамтарсан манифестийг цахимаар солилцох нь Монгол, Хятадын гаалийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна хэмээн үзсэн юм.

Энэ удаагийн хуралдаан нь БНХАУ-ын уриалсан “Нэг бүс нэг зам” болон Монгол Улсын санаачилсан “Талын зам” хамтын ажиллагааны стратегийн төсөлд нийцүүлж Монгол, Хятадын гаалийн удирдлага Шанхайн хамтын ажиллагааны Уфагийн хуралдаанаар гарын үсэг зурсан санамж бичгийг хэрэгжүүлэх, Монгол, Хятадын гаалийн байгууллагын хамтарсан хяналт болон бүрдүүлэлтийг хялбарчилах хамтын ажиллагааны хүрээнд ажил хэрэгчээр хамтран ажиллах, харилцан ашигтай байхыг тэмдэглэв.

Талууд “Манифестийг цахимжуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар идэвхийлэн судлан хэлэлцэж, техникийн тодорхой тохиролцоонд хүрч “Монгол, Хятадын манифестийн тоон үзүүлэлтийг харилцан солилцох техникийн нөхцөл”-ийг тохирч 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сүлжээгээр холбогдож тест хийх ажлыг эхлүүлж 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүд-Эрээний боомтод манифестийн тоон үзүүлэлтийг харилцан солилцох туршилтыг албан ёсоор эхлүүлэхээр болсон бөгөөд туршилтын ажлын байдлыг харгалзан талууд дахин цаашид нэвтрүүлэх хугацаа болон хүрээг тохирохоор болов.

Хятадын талын санаачилсанаар Монгол улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын туршилтын ажлын хамрах хүрээг тэлж, манифест ижилсгэх туршилтын ажлын Монгол улсын Ханги, БНХАУ-ын Мандал боомтоор нэмэгдүүлэх, тус боомтыг байнгын ажиллагаатай болсын дараа хэрэгжүүлэхээр төлөвлөж, нээх хугацаа, хэрхэн хэрэгжүүлэх аргын талаар хоёр улсын хилийн гаалийн байгууллагууд хэлэлцэн тохиролцож, удирдах дээд байгууллагад мэдэгдэхээр болсон юм.

Монголын талын санаачилсан хамтарсан шалгалтын хоёрдугаар шатны “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг эхлүүлэхийг харилцан зөвшөөрсөн бөгөөд хэрэгжүүлэх тодорхой арга замын талаар сайтар хэлэлцэн, пүүлсэн үр дүн, рентген зургийг харилцан хүлээн зөвшөөрөх хоёр хэлбэрээр эхлүүлэх талаар судалгаа хийхээр тохиролцов. Талууд аль болох богино хугацаанд ажлын хэсэг байгуулан наймдугаар хуралдаанаас өмнө хэрэгжүүлэх төслөө боловсруулж, уг төслийн агуулгыг хоёр талын хилийн гаалийн байгууллага анхан шатны хэлэлцүүлгийг хийж наймдугаар хуралдаанаас өмнө өөр өөрсдийн удирдах төв байгууллагуудад танилцуулж хянуулахаар шийдэлд хүрэв.

Азийн хөгжлийн банк Монгол, Хятадын гаалийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хамтарсан хяналтын ажилд дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн энэхүү төслийг дэмжихийг хүслээ. Хуралдаанаар Азийн хөгжлийн банкны эксперт ноён Хартманы Монгол, Хятадын хилийн хамтарсан шалгалтын хэрэгжиж буй байдалд хийсэн дүгнэлтйг сонсож Монгол, Хятадын хилийн хамтарсан шалгалтын төслийн талаарх дүгнэлт болон тайланг сайжруулах талаар саналаа өгсөн юм.

Талууд Монгол, Хятадын хилийн хамтарсан шалгалтын наймдугаар хуралдааныг 2016 оны 5 дугаар сард Монгол улсын Улаанбаатар хотноо зохион байгуулах, “Манифестийг цахимжуулах төсөл”-ийг хэрэгжиж буй байдалд дүгнэлт хийж, хоёрдугаар шат болох “Хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх” ажлыг эхлүүлэх арга хэлбэрийг тодорхой болгох болон хамтарсан манифестийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцлийг судлахаар тус тус тохиролцсон юм.